Д.Амарбаясгалан: Иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон
Н.Учралын АРГУМЕНТ нь ийм!
Мөрийтэй тоглоом гэдэг мөртэй. Тэр нь амь уу, амьдрал уу? гэсэн хоёрхон сонголтоор хэмжигдэнэ. Гэхдээ эл сонголтыг хий хгүй байх эрх гэж бас бий. Ерөөс тоглохгүй байх шалтгаан. Хялбар аргаар мөнгөтэй болох, бусдынхаа ятгалгаар цахим мөрийнд бооцоо тавьсан нэгэн ганцхан шөнийн дотор байдгаа барах нь энүүхэнд болов. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан тоо бий. 9.2 хувь нь 18-29, 47.7 хувь нь 30-39 насныхан. Ажил, амьдралын гараагаа эхлүүлж, ид хөдөлмөрлөх насны залуу үе нь цахим мөрийнд байгаа бүхнээрээ бооцоо тавьж эхэлсэн нь энэ.
Зөвхөн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллээс харахад Монгол Улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжжээ. Зөвхөн 1Хbet-ээс зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.долларыг Монгол руу шилжүүлж ирсэн байна. Бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлож, дэмжих нэрийн дор. Үндсэндээ цахим мөрий, бооцоот тоглоомын орон зай манайд хяналтаас гарч, хохирлын хэмжээ нь их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон нь өөрөө асуудал мөн үү, мөн! Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар хуулийн зохицуулалт, хязгаарлалт хийхгүй л бол цахим мөрий хэмээх “хөлгүй далай”-д монголчууд нийтээрээ живэхээр болсныг сая, тэрбум бус их наядаар хэмжигдэх болсон мөнгөн дүн илтгэлнэ.
Цаг хугацааны давхцал нь ингэж таарсан уу хэлж мэдэхгүй ч 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах зэрэг бүх үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох эрхзүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн нь саяхан. Ажлын хэсгийн ахлагч Н.Учралын мэдэгдсэнээр “Спорт төлбөрт таавар болон бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглохоор нэмж хуулинд тусгахаар ажиллаж байна. Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төсөлд Засгийн газрын хуралдаанд сайд нарын илэрхийлсэн байр суурь, иргэд, эдийн засагч, хуульч, судлаач, мэргэжлийн холбоодын саналыг тусгана. Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, зуучлах, тоглох, сурталчлах”-ыг болон нэмээд спорт төлбөрт тааврын бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглож, гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр эцэслэн найруулж байна” гэсэн юм.
Үндсэндээ өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан ч линкнүүдийг сольж, VPN ашиглаж үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа юм. Хэдийгээр тухай аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн хуулиар 13,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хязгаар нь ийм. Зөрчлийн гэхээсээ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байж хүрээ хязгаарыг нь өргөжүүлнэ гэсэн. Ямартай MELBET, MNBET, SCOREBET зэрэг цахим мөрийтэй, бооцоот платформ ажиллуулдаг гурван компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Цаашлаад агент буюу зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа болон сурталчилж, зохион байгуулж байгаа үйлдэлд эргүүгийн хариуцлага хүлээлгэхээр төсөлд тусгажээ. Харин Зөвшөөрлийн хуулиар цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож байгаа юм. Яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төслийг УИХ-аас баталсан тохиолдолд IOS, Apple store, Meta компани руу шаардлага хүргүүснээр бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг аппликейшн татагдахаа болино.
Хэрэвзээ цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкээр эсвэл VPN-ээр татаж тоглох, зуучилж байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Монголбанкны зүгээс ч гадагшаа урсаж буй валютад хязгаарлалт хийх, царцаах боломж хуулийн хүрээнд бий болох аж. Хуулийн төсөл боловсруулахаас эхлээд өргөн мэдүүлэхээ мэдэгдэх хүртэл нийгмийн нэгээхэн хэсгийн эсэргүүцэлтэй тулгарсан Ажлын хэсгийн хэсгийн ахлагч, сайд Н.Учралын хэлж, онцлоод байгаа АРГУМЕНТ нь ердөө л ийм! Эцсийн дүндээ цахим мөрийнд хожигч гэж хэзээ ч байхгүй. Хожих магадлал байсан ч эцэст нь бүхнээ алдсан байх болно хаа, хаанаа, хэн хүнгүй бодох нь зүй!
Г.Эрхэс



