С.Магнайсүрэн: Дотоод хяналт болон төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай
С.Магнайсүрэн: Дотоод хяналт болон төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах Боловсролын, Гэр бүл, хөдөлмөн, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нар, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нийт 373 байгууллагын 78 төсөл, сан, 325 төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 10,185.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 9,617.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 573.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус байнгын хороонд харьяалагдах дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчийн 304 төсөл, арга хэмжээнд 573.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, гүйцэтгэл 74.8 хувийн биелэлттэй байгаа ажээ.
Байнгын хороонд хамаарагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Тус байнгын хороонд зургаан төсвийн ерөнхийлөн захирагч харьяалагдаж байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 164 байгууллагын тайланг нэгтгэснээс 121 байгууллагад дүгнэлт гаргаж, 43 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 87 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 34 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт тус тус өгсөн байна. Аудитаар 143.2 тэрбум төгрөгийн 453 зөрчил илэрснээс 0.5 тэрбум төгрөгийн 62 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 123.2 тэрбум төгрөгийн 171 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 0.5 тэрбум төгрөгийн таван зөрчил, долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах дөрвөн албан шаардлага, 19.0 тэрбум төгрөгийн 215 зөрчилд зөвлөмж өгчээ. Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар 19.3 тэрбум төгрөгийн дөрвөн зөрчил илэрснээс 0.3 тэрбум төгрөгийн нэг төлбөрийн акт, зөрчил арилгах нэг албан шаардлага, хариуцлага тооцох мөн нэг албан шаардлага, 19.0 тэрбум төгрөгийн нэг зөвлөмжийг хэрэгжүүлж, хэрэгжилт дунджаар 94.6 хувийн биелэлттэй гарсан байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 33 санхүүгийн тайланг нэгтгэснээс 27 санд дүгнэлт гаргаж, долоон санг түүвэрт хамруулсан байна. Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 27 сангийн санхүүгийн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Аудитаар 169.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.01 тэрбум төгрөгийн нэг зөрчилд төлбөрийн акт тогтоож, 158.7 тэрбум төгрөгийн 17 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 10.4 тэрбум төгрөгийн 34 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Өмнөх оны аудитаар тавьсан шийдвэрийн хэрэгжилт дунджаар 80.6 хувийн биелэлттэй гарчээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 497 байгууллагын тайланг нэгтгэснээс 152 байгууллагад дүгнэлт гаргаж, 345 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 122 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 28 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгчээ. Нийтдээ 165.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.5 тэрбум төгрөгийн зөрчилд 151 төлбөрийн акт тогтоож, 34.2 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 256 албан шаардлага хүргүүлж, 131.2 тэрбум төгрөгийн зөрчилд 334 зөвлөмж өгч, хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулах хоёр албан шаардлага, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлж шийдвэрлэсэн байна. Өмнөх оны аудитын шийдвэрийн биелэлт дунджаар 67.0 хувьтай байна.
Эрүүл мэндийн сайдын тайланд харьяа 450 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 385 байгууллагад дүгнэлт гаргаж, 63 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, хууль эрх зүйн зохицуулалт тодорхой бус зэргээс шалтгаалан хоёр байгууллага аудитад хамрагдаагүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 323 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 59 байгууллагад “Хязгаарлалттай”, хоёр байгууллагад “Сөрөг” дүн тавьж, нэг байгууллагад дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Өмнөх оны аудитын шийдвэрийн хэрэгжилт дунджаар 91.7 хувьтай гарчээ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа гурван байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар 442.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс зөрчлийг таслан зогсоох долоон албан шаардлагыг хүргүүлсэн байна. Өмнөх оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчилд өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт дунджаар 87.5 хувьтай гарсан байна.
Боловсролын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 1865 байгууллагын тайланг нэгтгэснээс 1144 байгууллагад дүгнэлт гаргаж, 713 байгууллагыг түүвэрт хамруулж, шинээр байгуулагдсан, татан буугдсан зэргээс шалтгаалан найман байгууллага аудитад хамрагдаагүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 1060 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 80 байгууллагад “Хязгаарлалттай”, гурван байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагыг дүгнэхээс татгалзжээ. Өмнөх онд аудитаар өгсөн шийдвэрийн хэрэгжилт дунджаар 87.5 хувьтай гарсан байна.
Аудитын дүгнэлтэд үндэслэн төсөв, санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, сангийн хөрөнгийн ашиглалт, байгууллагын хариуцлагыг сайжруулах шаардлагатайг Ерөнхий аудитор анхаарууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар улсын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан, үр дүнд суурилсан төсөв боловсруулж, шаардлагатай хөрөнгийг үнэн зөв тооцон, хэрэгжилтийг хангах үүрэгтэйг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, бүртгэл, үнэлгээний бүх шатанд хяналт, хариуцлагыг бэхжүүлэх нь зүйтэй гэв. Мөн тэрбээр хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, санхүүжилтийг бүрэн бүртгээгүй зэрэг зөрчлийг арилгах, эрх бүхий байгууллагуудаар шийдвэрлүүлэх хэрэгцээ байгааг хэллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 34.3 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, цаашид эрсдэлийг бууруулах хяналтыг сайжруулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн банкуудаас авах үлдэгдэл авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлж, хөрөнгө борлуулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулахыг зөвлөв.
Соёл, урлагийн байгууллагууд орлогоо бодитой төлөвлөж, дотоод хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг дүгнэж, эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөр өссөн нь санхүүгийн сахилга бат сул байгааг харуулж байна гэж дүгнэлээ. Боловсролын салбарт мэдээллийн системүүд хөгжиж байгаа ч өгөгдлийн нэгдсэн сан, тайлагналын уялдаа хангалтгүй хэвээр байна гээд, иймд аудитын шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, дотоод хяналт болон төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатайг хэлэв.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, С.Зулпхар нар төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээний хүртээмжтэй байдлын тухай, боловсролын хүртээмж, ипопекийн зээл олголт, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэр үр ашигтай удирдсан талаар асуулт асууж, Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах байгууллагуудын удирдах албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Зулпхар, Б.Бейсен нар үг хэлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн цаглавар, гүйцэтгэлд тулгарч байгаа бэрхшээлийн талаар ярьж, энэ асуудлаар шийдэл гаргаж ажиллахыг Засгийн газарт зөвлөлөө.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг мөн үг хэлж, жил бүр улсын төсвийн гүйцэтгэлийн тайлан, аудитын дүгнэлтийг сонсдог боловч үр ашиг, сахилга батыг сайжруулах арга хэмжээ авдаггүйгээс алдаа, дутагдлууд хэвээрээ байгааг анхааруулсан юм. Тэрбээр тайлан, дүгнэлтийг сонсоод өнгөрөх биш хариуцлагын тогтолцоог сайжруулахгүй бол нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдгийг онцолж, хариуцлагыг чангатгах, төсвийн үр ашгийг ард иргэдийн амьдрал ахуйд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллах шаардлагатайг сануулав. Мөн төсвийн урсгал зардалд дүн шинжилгээ хийж, цэгцлэх нь зүйтэй гэлээ.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.