Х.Нямбаатар: Усны онцгой хамгаалалтын бүсэд төр нь ч, хувийн хэвшил нь ч хууль зөрчиж бүтээн байгуулалт хийж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтын “амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой” гэдгийг хасахаар  хуулийн төсөлд тусгасан. Учир нь агаарын бүсчлэл тогтоогоод үүндээ улмаар хийн түлш, цахилгаан зуух нэвтрүүлэх гэхээр иргэд амьжиргааны түвшнээс дээгүүр орлоготой тул хуулийн  шаардлагыг хангаагүй байна гээд өнөөх цахилгаан зуух, хийн түлшрүү шилжиж буй өрхүүдэд хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх асуудал хуулиар хязгаарлагдаад байна. Тухайлбал, агаарын бүсчлэлийн хүрээнд Гандантэгчэнлин хийд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв орчимд хатуу түлш хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хэсгийнхэнд тодорхой урамшуулал өгөх шаардлага үүснэ хэмээн хариулав. Мөн тэрбээр, бид есдүгээр сарын 15-наас эхлэн  нүүрс болон өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхэлнэ гэсэн тайлбарыг өгсөн.

Мөн усны онцгой хамгаалалтын бүсэд төр нь ч, хувийн хэвшил нь ч хууль зөрчөөд бүтээн байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалаар усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих зөвшөөрлийг олгож байгаа. Харин Усны тухай хуульд усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барихыг хориглосон зохицуулалттай.

Гэтэл нийслэлээс “Туулын хурдны авто зам”-ыг усны хамгаалалтын бүсэд буюу Туул  голын хойд эргээр нэг талдаа 33км, хоёр талдаа дэлгэмэл уртаараа 66км-ын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Иймд бид энэхүү бүтээн байгуулалтын ажлаа Усны тухай хуультай нийцүүлж усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламж барихыг зөвшөөрнө гэсэн агуулгатай өөрчлөлтийг төсөлд тусгасан. Харин хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, барилга байгууламжтай холбоотой зүйлийг үүнд хамааруулж ойлгохгүй хэмээн тайлбарлалаа.