"Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй"

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хувилбарын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл, Б.Уянга, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тотоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал олонхын дэмжлэг авсан тул зарчмын зөрүүтэй санал дахин гаргах шаардлагатай байна. Учир нь  уг дэмжигдсэн санал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2-т заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх суурь зарчимтай нийцэхгүй байна гэв. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн  47 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орд байрлаж буй аймаг, нийслэл, сум,  дүүргийн төсөвт хуваарилахаар, Төсвийн тухай хуульд заасан тухайн орон нутагт олборлож борлуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртлэх хувийг орон нутгийн төсөвт хуваарилахаар заасныг дурдаад тогтоолын төсөлд туссан  дэд заалтыг хуульд нийцүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн”-ий дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл нараас хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр санал гаргалаа. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дахин санал хураахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  73 дугаар зүйлийн 73.2-т “Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно” гэснийг Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тодотгоод УИХ-ын даргын 291 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг дурдав.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй хэвийн үргэлжлэх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгийн зардлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дээрх төсөл, арга хэмжээнүүдийн төрийн худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, ажиллах шаардлагатай байна гэлээ.

Түүнчлэн хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой гэж үзэн төрийн албан хаагчийн цалин хөлс, тусламж, тэтгэмжийг бүх салбарт шударгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй. Тогтоолын төслийн нэг дэх заалтад Засгийн газарт үүрэг болгосон зохицуулалтыг, хоёр дахь заалтад тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах асуудал тусгасныг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.9 хувь нь дэмжлээ.