Харьяатын "хориг"-ийг зөөллөх нь ийм учиртай!

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн мэдүүлснийг хэлэлцэж эхэлснээр нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх маргааны нэг сэдэв болов. Шүүмжлэх ч хүн байхад сайшааж, дэмжих зарим нь байна. Угаас өргөн барихаас эхлээд хэлэлцэж, батлах хүртэл ямар нэгэн хардлага төрүүлдэг нь хуулийн төслийн онцлог. Гэхдээ П.Сайнзориг тэргүүтэй гишүүдийн өргөн барьж, хэлэлцүүлж байгаа хуулийн төсөлд онцлох хэд хэдэн зүйл бий энд сийрүүлье. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч “Олимпын хөтөлбөрт багтсан спортын төрлөөр амжилт гаргасан буюу гаргах боломжтой” гадаадын иргэнд иргэншил олгох боломжийг илүү хялбаршуулж, нээж өгөх нь хуулийн төслийн гол агуулга.  

1995 онд баталж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Харьяатын тухай хуульд зааснаар амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх, ёс заншил, төрийн албан ёсны хэл, Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн, иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жил байнга оршин суусан байхаар тусгасан байдаг. 

Үүнээс гадна “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэдэг заалт бий. Гэвч хуулийн эдгээр заалт зарим талаараа хуулийн хориг болох гээд байдаг талтай. Ялангуяа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын мөчлөгийн үеэр.

Гэдэг нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын үзэл санааг дэлгэрүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор, спортын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг хүлээн зөвшөөрч, амжилт гаргах магадлалтай гадаадын иргэдэд харьяалал олгож, өөрийн улсын нэр дээр оролцуулах зохицуулалт бусад улс оронд үйлчилж эхлээд удаж байна. Жишээ нь, манай урд хөрш БНХАУ-д сагсан бөмбөг, хөлбөмбөг, уран гулгалт, цана, хоккей, атлетик, уран гимнастик зэрэг спортын төрөлд амжилт гаргасан тамирчдад иргэншил олгож, үндэсний багийн бүрэлдэхүүнд багтаадаг. Харьяатын хувьд дотоодын хууль тогтоомжоор давхар иргэншилтэй байхыг хориглодог.

Японд гэхэд олимпын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн гадаадын тамирчдыг тусгай журмын дагуу харьяат болгох бодлого хэрэгжүүлж, улсынхаа спортын нэр хүндийг өсгөхөд томоохон нөлөө үзүүлж иржээ. Ойрын жишээ нь, Монголоос хэд хэдэн их аварга төрсөн сумо. БНСУ-ын хувьд олимпын наадмаар амжилт гаргасан гадаад тамирчдыг тусгай журмаар иргэншилд хамруулж, үндэсний шигшээ багийн чадамжийг нэмэгдүүлсэн туршлагатай. Казахстан Улс бокс, хүндийн өргөлт, жүдо зэрэг спортоор гадаадын шилдэг тамирчдыг иргэн болгож, олон улсын тавцанд амжилт гаргах бодлого хэрэгжүүлсэн нь олимп, дэлхийн тэмцээнд үзүүлсэн амжилтаар баталгаажсан зэргээр тоочвол олон.

Үүн шиг Монгол Улс олимп, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлэх боломжтой гадаадын тамирчинд иргэншил олгох замаар спортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг дээшлүүлэх цаг хэдийнэ болсны бодит хариулт нь П.Сайнзориг нарын гишүүний өргөн мэдүүлсэн Харьяатын хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл. 2024 онд Монгол Улсад биеийн тамирын салбарт үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиосон. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаа сургамжид анхааран хандуулж дүгнэсэн арга хэмжээг олон удаа зохион байгуулж хэлэлцүүлсэн байдаг. Ялангуяа нийтийн биеийн тамир, үндэсний спортоос гадна олимпын спортын төрлийг дэмжин хөгжүүлэх, спорт дахь хүний нөөцийг бэлтгэх, энэ талаар дэвшилтэд алхам хийх шаардлага бий болсон тухай санаачилга нэг бус удаа гарчээ. 

Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан албан ёсны статистикаар Монгол Улсад 2023 онд нийт 140932 тамирчин бүртгэгджээ. Нийт тамирчдын дийлэнх хувийг буюу 68214 (48.4%) нь спорт тоглоом, 23798 (16.9%) нь үндэсний спорт, 15824 (11.2%) нь халз тулаан, хүчний, 17406 (12.4%) оюуны, 12423 (8.8%) хэмжигдэхүүнтэй, үлдсэн 3267 (2.3% пара болон цэрэгжилтийн спортын тамирчид байсан байна. Гагцхүү эл статистикт олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр хичээллэдэг тамирчдын нэгдсэн тоо тодорхой гараагүй аж.

Монгол Улс олимпын түүхэн хугацаанд медаль авсан спортын төрөл нь жудо, чөлөөт бөх, бокс, буудлага. Тиймээс олимпын наадмын хөтөлбөрт багтдаг спортын бусад төрлийг хөгжүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, эдгээр төрөлд хүний нөөц бэлтгэх, амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэхэд тамирчид, спортын холбоод, клубүүд, зүтгэлтнүүдийн оролцооноос гадна төрөөс эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Ираны жудо бөхийн тамирчин Моллаей Саеид гэхэд Монгол Улсын иргэн болж, олимпын мөнгөн медаль хүртсэнтэй агаар нэг хэрэг.

Үүгээр зогсохгүй хөлбөмбөгийн болон сагсан бөмбөгийн холбоо болон бусад спортын мэргэжлийн холбоодоос өндөр түвшний мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын харьяат болгож, олон улсын тэмцээнд оролцуулах хүсэлт ирэх нь ч олширчээ. Үндсэндээ спортын салбарын шилдэг төлөөлөгчдөд иргэншил олгох байдлаар татах нь тэдний мэдлэг, туршлага, ур чадвараар залуу үеийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд спортын амжилтаараа нэр хүндтэй болохын зэрэгцээ гадаад улс орнуудтай харилцаагаа сайжруулах зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол Улс дэлхий дахинд илүү танигдах, үнэлэгдэх боломжийг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байгаа бололтой.

Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар Монгол Улсын харьяат болох нь өөрөө онцгой тохиолдолд гэсэн зохицуулалттай. Түүгээр Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийхээ хүрээнд харьяат болгох эсэхийг шийдвэрлэж болох нээлттэй зохицуулалт.

Иймд спортын хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх, ялангуяа олимпын спортын төрлийг хөгжүүлэх  зорилгоор Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт олимпын  наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулах аж.

Г.Эрхэс