"Дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна"
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Уг дүгнэлтэд Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агуулгын хувьд нийцэж байгаа боловч Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүрэн чиглүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн үлдэгдэл 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 43.8 хувьтай тэнцүү байхаар төсвийн төсөлд тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-т заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байна хэмээн дурдсан байлаа.
Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” батлагдаагүй тул 2026 оны төсвийн төслийг боловсруулах шатанд байгаа бодлогын баримт бичгийн төсөлд үндэслэж нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна хэмээн дүгнэлтэд дурдсан байлаа.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31,600.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 32,980.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,380.0 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 579 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөр 2024 оноос 56.0 хувиар, 2025 оноос 5.5 хувиар буурсан, мөн нийт санхүүжилтийн 66.8 хувийг шилжих арга хэмжээнд хуваарилснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улс, бүсийн хөгжлийн бодлогын томоохон зорилтуудад чиглүүлж,өмнөх оноос үргэлжлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн сайн талтай боловч дараах асуудлуудад анхаарах шаардлагатай байна гэв.
Үүнд: Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна.
Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа нь төсвийн төсөл бодлогын баримт бичгүүдтэй бүрэн нийцэж байгаа эсэхийг нэгтгэн дүгнэхэд хүндрэлтэй, хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг төсөв, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд гол нэр төрлийн эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурч төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг санхүүжүүлэх, үүсэх эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг цаашид анхаарах шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхий аудитор дүгнэлтдээ онцолсон.




