Д.Батлут: Холбогдох үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ
Таван аймагт нарны станц ашиглалтад орно
Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.
Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгалаа.
“Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн эх байгалиа хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолоо бататгаж, түлш шатахуун, зардал мөнгөө хэмнэх эко шийдэл юм” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Тогтоолыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасах, цахилгаан тээврийн хэрэглээ болон дэд бүтэц эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах, улмаар Монгол Улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит ахиц гарна гэж үзэж байна.
Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.
ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.
Засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэн, 2026 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 69 зуухнаас ажилд 39, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 10 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 34, бэлтгэлд 8 байгаа бөгөөд долоон турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн байна.