Танхимын хуулийг дэмжсэнгүй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл төслийн талаарх талуудын оролцоог өргөн хүрээнд хангасан хэлэлцүүлгийг явуулахад төсөл дэх зохицуулалтууд учир дутагдалтай байгааг, танхимын үндсэн чиг үүргийг өөрчилж, төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үзэл баримтлалтай байгаад голлох оролцогчид санал нэгтэй байсныг дурдав. Иймд талуудын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлэн, зөвшилцсөний үндсэн дээр төслийг дахин боловсруулах нь зүйтэй хэмээх байр суурь давамгай байсныг уламжиллаа
Ийнхүү завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, эхлээд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 47 нь буюу 52.2 хувь нь уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцууллаа.