Б.Энхбаяр: Дампуурлын тухай хуульд бие даасан шинэчлэл хийлгүй 28 жил хэрэгжүүлж байна

Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д “… хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох …” гэсэн зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

Дампуурлын тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш зарчмын шинжтэй бие даасан шинэчлэл хийгдэлгүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Хуулийг хэрэглэх хэрэгжүүлэх явцад практикт тодорхой хүндрэл, зөрчил илэрч, төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах өнөөгийн олон улсын чиг хандлага, стандарт, зарчимтай нийцэхгүй болсон талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд удаа дараа дурдсан байдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байлаа.

Үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Эдгээр үндэслэлийг харгалзан Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлал, стандарт, суурь зарчмын дагуу шинэчлэн боловсруулж, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тодруулбал, хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг цогцоор нь зохицуулахаар тусгажээ.

Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан байна.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусганыг Б.Энхбаяр сайд танилцуулав.

Нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг  баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ.

Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах,  аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд тодорхой болгохоор холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгожээ.

Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой болон ердийн ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг онцлогтой тул уг процессын зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж энэ хуульд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.

Төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн төслийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хэмээн гэж өөрчилсөн байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Б.Энхбаяр сайд танилцуулав.

Хуулийн төслийг дагалдуулан хуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан 33 хуулийн төсөл, хууль хүчингүй болсонд тооцох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 40 хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдлаа. Мөн хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад хэрэг гүйцэтгэгчийн эрх олгох шалгалт болон сургалт зохион байгуулах, цахим мэдээллийн сан бий болгох, холбогдох шийдвэрийг нийтэд мэдээлэх чиг үүрэг нэмэгдэж, үүнтэй холбоотой хүний нөөцийн ачаалал болон нэг удаагийн цахим сангийн зардал, хэвлэл мэдээллийн төлбөр үүсэхээр, мөн иргэнд хэрэг гүйцэтгэгчийн сургалтад хамрагдах, шалгалт өгөхтэй холбоотойгоор баримт бичиг нотариатаар гэрчлүүлэх, сургалтын болон шалгалтын хураамжийн төлбөр зэрэг нэмэлт зардал гарахаар тооцсон гэдгийг онцлоод уг хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна  гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явуулахад, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг О.Номинчимэг гишүүн танилцуулгадаа дурдав.