Д.Батбаяр: Ерөнхий сайдын мэдэгдлийг үгээр нь бус, үр дүнгээр нь дүгнэнэ
У.Хүрэлсүх: Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна
Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй энэхүү төрийн айлчлал нь Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтойг буйг талууд тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны хэлэлцээний үеэр улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, иргэд хоорондын солилцоо, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсоныг мэдээллээ.
Мөн талууд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх тэргүүлэх чиглэл, хэтийн төлвийг тодорхойлсныг онцоллоо.
Төрийн тэргүүн нарын хэвлэлийн төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Холбооны Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Штайнмайэр Таны урилгаар үзэсгэлэнт сайхан Герман Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.
Биднийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж буй Эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч Танд болон Германы төр засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс, Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч Таны 2024 онд манай улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, Монгол, Германы ард түмний халуун дотно найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улс Герман Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман Улстай байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Герман Улсад 14 жилийн дараа хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм хүндэт Холбооны Ерөнхийлөгч Тантай Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны хөгжил дэвшил, дэлхий ертөнцийн асуудал зэрэг олон сэдвээр илэн далангүй яриа хэлэлцээ хийсэндээ баяртай байна.
Та бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Германы Хамтарсан тунхаглал”-ыг гаргаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн төлвөө хамтран тодорхойллоо.
Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж байна.
Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Герман Улсын Франкфурт ам Майн хотноо нээхээр болсныг албан ёсоор зарлаж байна.
Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Герман Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байдаг.
Энэ хүрээнд манай улсад 2011 онд байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Түүнчлэн энэхүү төрийн айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулагдаж буй “Монгол-Германы бизнес форум”-д нийт 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно.
Энэхүү арга хэмжээ нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж ирсэн Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк нь Монгол Улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн Монголбанк, Германы Холбооны банк хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсныг сайшааж байна.
Одоогоос нэгэн зууны тэртээ буюу 1926 онд манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй анхны 30 гаруй монгол залуус эрдэм сурахаар Герман Улсыг зорьж, манай шинэ үеийн сэхээтнүүд болон бэлтгэгдэж, орчин цагийн Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ оны 05 дугаар сард Монгол, Германы соёл, боловсролын долоо хоногийг Улаанбаатар хотноо амжилттай хамтран зохион байгуулсан.
Тэгвэл энэхүү төрийн айлчлалын үеэр Германы нэрт монгол судлаач, профессор Э.Хэниш болон их зохиолч Д.Нацагдорж нарын монгол судлалын хөгжилд оруулсан түүхэн гавьяаг нь алдаршуулсан дурсгалын самбарыг Лайпциг хотноо хүндэтгэн нээж байгаад баяртай байна.
Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны баялаг түүхийг өнөө цагт өртөөлөн үргэлжлүүлж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг энэхүү төрийн айлчлалын хүрээнд анх удаа хамтран зохион байгуулж байгаа нь нэн ач холбогдолтой юм.
Мөн “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг тус тус зохион байгуулж байна.
Эрхэм Ерөнхийлөгч Та хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчлах үеэрээ санаачилсны дагуу “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо зохион байгуулахаар ярьж тохирсон. Энэ дагуу үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж, өнөөгийн дэлхий ертөнцийг бүтээхэд монголчууд болон Эзэн Чингис хааны түүхэн үүрэг гүйцэтгэснийг сурталчлан таниулах боломж нээгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Хүн төрөлхтний мянганы суут хүмүүн Чингис хаанаар нэрлэгдсэн энэхүү үзэсгэлэнгээс Герман болон Европын олон нийт Монголын эзэнт гүрний түүх, монголчуудын ахуй соёл, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг илүү өргөн хүрээнд танин мэдэж, ард түмнүүд хоорондын харилцан ойлголцол, оюун санаа, өв соёлын хэлхээ холбоо улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн айлчлалын үеэр Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг Берлин хотноо зохион байгуулж, мөнх хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар герман анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна.
Монгол, Герман Улс нь газар зүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч манай хоёр орны ард түмэн сэтгэл зүрхээрээ ойр байж, үнэт зүйлээрээ нягт холбогддог билээ.
Герман Улсад өнөөг хүртэл 35 мянга орчим монгол иргэн герман хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшин, Монгол, Германы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн билээ. Энэ уламжлал үргэлжилж, манай хоёр орны иргэд хоорондын харилцаа улам бүр идэвхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тээвэр логистикийн хэлхээ холбоо чухал байр суурь эзэлдэг. Таны 2024 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Автозамын хэлэлцээрийг байгуулсан. Герман Улсаас Монгол Улс руу импортолж байгаа нийт барааны 40 гаруй хувийг авто замаар тээвэрлэдэг.
Цаашид Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхэд Монгол Улс анхаарал хандуулна. Мөн хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниуд Берлин хот руу нислэг үйлдэх, зорчигч тээврийн татварыг бууруулах зэрэг асуудлаар манай холбогдох яамд яриа хэлэлцээ хийж буйг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, стратегийн түншлэлийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.
Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байна.
Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Германы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.