Д.Батбаяр: Ерөнхий сайдын мэдэгдлийг үгээр нь бус, үр дүнгээр нь дүгнэнэ
Ф.В.Штайнмайэр: Монгол Улсын хүн амын нэг хувь нь герман хэлээр ярьдаг болжээ
ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ф.В.ШТАЙНМАЙЭР:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Та алс холын замыг туулан манай улсад хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна.
Учир нь энэхүү айлчлал нь зөвхөн дипломат харилцааны хүрээнд болж буй арга хэмжээ бус, харин манай хоёр орны онцгой дотно харилцаа, нягт хэлхээ холбооны тод илэрхийлэл юм.
Манай хоёр улс газар зүйн хувьд зургаан мянга гаруй километрийн алсад оршдог ч ойр дотно түншлэлийн харилцаа биднийг ойртуулан холбож байдаг. Нэн ялангуяа найдвартай түншүүдийн ач холбогдол урьд өмнөхөөс илүү өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү харилцаа онцгой үнэ цэнтэй билээ.
Герман, Монгол Улс нь эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс, өөрийн хөгжлийн замналыг бие даан тодорхойлох эрхийг эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй.
Бид эдгээр нийтлэг үнэт зүйлсийнхээ төлөө НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд нягт, харилцан итгэлцсэн хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн.
Үүний тод илэрхийлэл нь 2024 оны хоёрдугаар сард миний бие танай үзэсгэлэнт оронд төрийн айлчлал хийх үеэр бидний тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа юм. Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Та бүхний үзүүлсэн элэгсэг дотно хүндэтгэл, сэтгэлд хоногшсон олон сайхан дурсамжийг би одоо ч талархан дурсдаг.
Иймд энэхүү айлчлалын хүрээнд манай хоёр орны түншлэл, хоёр талын харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд чиглэсэн Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсанд туйлын баяртай байна.
Манай хоёр орны харилцааны гүн гүнзгий, бат бөх холбооны үндэс суурь нь хоёр орны иргэд хоорондын ойр дотно, хэлхээ холбоо болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Энэ жил бид түүхэн ач холбогдолтой нэгэн онцгой ойг тэмдэглэж байна. Тэртээ 100 жилийн өмнө буюу 1926 онд монгол залуус Европын соёл, боловсролтой танилцаж, суралцахаар алсын замд гарч байсан. Ийм учрал нь хүний танин мэдэхүйн хүрээг тэлж, шинэ ертөнцийг нээж өгдөг билээ.
Зуун жилийн тэртээх тэдний анхны учрал, харилцааны үр нөлөө өнөөг хүртэл түүчээлж, тэрхүү аялал хэдийгээр өндөрлөсөн хэдий ч үр шимээ өдгөө ч өгсөөр байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Өнөөдөр Монгол Улсын хүн амын нэг хувь нь герман хэлээр ярьдаг болжээ. Тэр ч бүү хэл Монголын нэрт зохиолч Чинагийн Галсан уран бүтээлээ герман хэлээр туурвиж байна.
Хоёр орны энэхүү түүхэн солилцоо, харилцааны уламжлалыг өнөөдөр ч бид үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Үүний нэгэн тод жишээ нь өнөөдөр Берлин хотноо бидний хамтран нээх гэж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь Германы олон мянган иргэдэд Монголын түүх, соёлыг сонирхох сонирхлыг төрүүлж, илүү гүнзгий танин мэдэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.
Бид боловсролын салбар дахь хамтын ажиллагааны баялаг уламжлалаа бусад олон чиглэлээр мөн үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Тухайлбал, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль болон хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцооны хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна.
Ногоон шилжилтийг хэрэгжүүлэх, ирээдүйн сорилтуудад дасан зохицох чадвартай, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бид энэхүү айлчлалын хүрээнд бүрдүүлж байна.
Ингэснээр олон жилийн түүхэн уламжлалтай хоёр орны харилцааг орчин үеийн шаардлагад нийцсэн, аливаа сорилтыг даван туулах чадвартай бат бөх суурин дээр хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Таны айлчлалын хүрээнд Франкфурт ам Майн хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж буй нь манай хоёр орны харилцааны хөгжилд гарч буй бас нэгэн чухал алхам төдийгүй хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.
Олон улсын харилцаа ээдрээтэй, сорилт бэрхшээлээр дүүрэн байгаа өнөө үед Монгол Улс нь нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг манай чухал түнш юм. Монгол Улс олон талт хамтын ажиллагааг дэмжиж, НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг бид өндрөөр үнэлдэг.
Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаанд ч хамаатай. Энэ зун Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Ингэснээр танай улс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй томоохон сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргаж, олон улсын дэг журмыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйгаа харууллаа.
Би өнгөрсөн удаа Монгол Улсад айлчлах үеэрээ нэгэн сайхан сургамжит үгийг мэдэж авсан. Энэ бол “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн үг. Миний айлчлалын үеэр надад үзүүлсэн тэр зочломтгой зан, төрийн өндөр хүндэтгэлийг Берлин хотноо үргэлжлүүлж, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа зэрэг өргөн олон сэдвээр санал солилцох боломжтой гэж үзэж байна.
Та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсье.