З.Мэндсайхан: Төрийн өмчийн засаглал, хөрөнгийн өгөөжийг сайжруулж, ногдол ашиг авдаг болно

Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэхдээ иргэдийнхээ бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалахыг урьтал болгосон хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Засгийн газрын гишүүн тэрбээр, уг төсөлд төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр асуудлыг эрэмбэлж, үнийн өсөлттэй уялдуулан ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар төлөвлөсөн гэлээ.

Үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмнэ

Сангийн сайдын танилцуулснаар бол ирэх оны төсөвт орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц, авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлснээр нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нэг их наяд төгрөгөөр бууруулна. Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар 2027 оны 02 дугаар улирлаас нэмэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулахаар 887.1 тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгажээ.

Олон Улсын хөтөлбөртэй сургуулийг бүс бүрд

Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн эмийн зардлын ачааллыг бууруулж, түгээмэл өвчний эмийг хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө. “Ухаалаг, ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүс бүрд олон улсын хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

“Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд нийт 3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 356 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн гэж танилцуулав.

Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ

Орон нутгийн хөгжлийн сангийн 50 хувийг иргэдийн саналаар эрэмбэлсэн төсөл, арга хэмжээнд зарцуулж, үлдэх хувийг орон нутгийн өмчийн их засвар, малын эрүүл мэнд, байгаль орчин, ногоон эрчим хүчний төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Мөн агаарын бохирдлын төлбөрийн орлогыг 2027 оноос орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 154.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад зарцуулна.

Дундаж давхаргыг дэмжих бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр нээнэ

“Атрын IV аян”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамж, газар тариалан, ноос, ноолуур, арьс ширний гүн боловсруулалтыг дэмжинэ. Дундаж давхаргыг дэмжих бизнесийн санхүүжилтийн шинэ эх үүсвэр нээж, олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын эх үүсвэр татан, 6 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжид бизнесийн зээл олгоно. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт дотоодын үйлдвэрлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ажлын байр, экспортыг дэмжих томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ.

2026-10-21 20.08.29.jpg

Эрчим хүчний салбарт өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангаж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, нийт 4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 79 төсөл хэрэгжүүлж, 2027 онд 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

16 мянган иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ

Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийг өргөжүүлж, 16 мянга орчим иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогын түвшинд нийцсэн татварын зохицуулалтын үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдаж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна гэж тооцоолжээ.

Төрийн өмчийн засаглал, хөрөнгийн өгөөжийг сайжруулж, ногдол ашиг авдаг болно. Засгийн газрын өрийн бодлого, стратегийг үргэлжлүүлж, 2027 онд Засгийн газрын өрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулна. Дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлэх, өрийн баталгаа, орон нутгийн үнэт цаасыг стратегийн хязгаарт нийцүүлэн дэд бүтэц, эрчим хүчний томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглана.