Халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш гарна

Шинэ коронавирусийг оношлох оношлуур өчигдөр 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар  Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай улс 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан бөгөөд цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байгаа аж.

Анх шинэ коронавирусийн халдварыг ярьж эхэлснээс хойш Хятадын эрдэмтэн, судлаачид ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтоох дээр эрчимтэй ажиллажээ. SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулжээ. Харин шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор хятадын эрдэмтэд тогтоожээ. Үүнийхээ үр дүнг ДЭМБ болон бусад улсын эрүүл мэндийн байгууллагатай хуваалцаж, оношлуурыг хийж эхэлсэн байна.

Эрүүл мэндийн яамны хэлстийн дарга Б.Цогтбаатар "Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа. Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан. Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. Эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар Хонгконгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш гарах боломжтой боллоо" гэлээ.