Н.Багабанди бүрмөсөн явж, Н.Энхбаяр орон зайг нь нөхөх үү?

1990 оноос хойшхи Монголын улс төрд Ерөнхий сайдын тамга атгаж үзээгүйгээс бусдаар Төрийн оргилд хөндлөн явсан түүх Н.Багабандид бий. Идэр залуугаасаа намын Төв хороонд нухлагдаж, дадлагажсан тэрбээр 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1996 оныг хүртэл парламентын спикерийн албатай явсан нэгэн. Нам нь сонгуульд навс ялагдаж, “Ардчилсан холбоо” эвсэл Засгийн эрхэнд гарахад сөрөг хүчин МАН-ын болон УИХ дахь Бүлгийн дарга гэсэн “давхар дээл” нөмөрсөн Н.Багабанди жил гаруйн дараа Төрийн тэргүүний суудалд заларч байв. Ялагдлын шокноосоо гараагүй асан сөрөг хүчнээс анхны Ерөнхийлөгч төрснөөр тэнгэрийн од шүүрсэнтэй агаар нэг АЗ авчирч, парламент дахь улс төрийн дараалсан нүүдлээ хийхэд том дэм болсон түүхтэй. Парламентын засаглалтай Монголд Ерөнхийлөгчөөс хамаарах асуудал нэгээр тогтохгүй олон байсан юм.

Үүн шиг 1992 оноос Монгол Төрийн босго давсан үеэсээ сайд, Бүлгийн дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч албан тушаалд торолгүй хүрсэн цор ганц намтар нь Н.Энхбаярынх. Н.Баганбандийг МАН-ын дарга байхад генсекээр нь ажиллаж байгаад Нэгдүгээр хүний эрэмбэд шилжсэн тэрбээр шинэ Монголын “Хаан” болтлоо томорч, тойглогдсон 2000-2009 он. Төрийн тэргүүнээр улирсан Н.Багабандийн туршлага л байхгүй болохоос Төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх чадварыг Н.Энхбаяр илүү эзэмшсэн нь энэ. Ийнхүү нам, Төрийн толгойд ээлжлэн гарсан энэ хоёр эрхмийн зөрчил чухам аль үеэс эхтэй нь бүдэг бадаг үлджээ.

Намын нэгдлээр, дэргэд нь шадарлаж явсан улстөрчдийн яриагаар 2000 оноос эхтэй гэдэг юм. Улс төрийн нам, эвсэл гэдэг өөрөө лидер дагасан бөөгнөрөл үүсгэдэг нь гэм биш зан юм болохоор Н.Багабанди, Н.Энхбаяр гэсэн хоёр улстөрчийг дагасан гишүүдийнх нь нэгдэл эцэстээ МАН доторх зөрчлийг улам өрдөх шалтгаан байв. Төрөлх намаасаа улиран сонгогдсон Н.Багабанди ч УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн "2004 он шинэ сонголтын жил болох болно” гэх үгийг зүгээр амнаасаа унагачихсангүй. Ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн циклийн хариуцлагатай цаг үед ийн хэлсэн нь тодорхой нөлөө үзүүлж, 2004 онд МАН үнэмлэхүй мэдлээ хязгаарлуулж, хазаарлуулсан алдсан. Гэвч энэ нь Н.Энхбаярын хувьд ялагдал биш байлаа. УИХ-ын даргын суудалд шилжиж, төвийг сахьсан байр сууриас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, гуравдахь Төрийн тэргүүнээр сонгогдсон юм.

Гэрэл зургийг Б.Болор-Эрдэнэ

Н.Энхбаярыг спикер байхад нь Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын хаврын чуулган дээр "Энэ намын нэр ямар чөтгөр шүглэсэн болоод хэнд таалагдахгүй байна", "Урт шар дээлтэй хүний учруулж болох хор хөнөөлөөс сэргийл" гэх алдарт үгээ Н.Энхбаярт дайсан нь удалгүй болсон сонгуульд багагүй хохирол учруулсан. Нэгэнтээ Л.Одончимэд агсан ч энэ тухай “Н.Багабандийг дэмжигчид эцэстээ Н.Энхбаярыг шоронд хийж, санааг нь гүйцэлдүүлсэн. Энэ хоёрын тэмцэл дундуур гурав дахь, дөрөв дэх талцал үүсгэсэн нөхөд, Нийслэлийн фракц гэгч М.Энхболдтон, Т.Бадамжунайтан энэ намаар тоглоод дууслаа. “Жигүүр”, “Элсний 13” гарч ирээд тэднийг нэг зайлуулсан ч, манай талын лидерүүдийг худалдаж авснаар “Конец фильма” болсон” гэж тодорхой хэлсэн байдаг юм.

Н.Энхбаярын улс төрийн карьерийн төгсгөл 2009 онд өвдөг шороодсоноор нь эхэлж, 2012 оны баривчилгаагаар үргэлжилж, 2016, 2017, 2020 оны сонгуулиар үргэлжилсэн үү? гэвэл үгүй байлаа. Эсрэгээрээ тэр 1992 оноос хойш хуримтлуулсан улстөрчийн намтар, 29 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, энэ хооронд бүтээж, бий болгосон эрх ашгаа жингийн туухайн дээр тавиад Н.Багабанди болон өөрийнх нь зассан жимээр яваа У.Хүрэлсүхэд худалдсан нь саяхан, сонгуулийн өмнө болсон үйл явдал.

Хаалга саваад гарсан Н.Энхбаяр тооноор орж ирээд хойморт залрахыг бүлх залгисан юм шиг дуугүй хараад суух хүн нь Н.Багабанди мөн үү? гэвэл мэдээж биш. Н.Энхбаярын хамгийн шүүмжлэлтэй хандаж ирсэн Оюу Толгой ТУЗ-ийн гишүүнээр 2010 оноос хойш сууж ирсэн түүний орон зай, нөлөө нь одоо ч МАН-д оршин тогтнож буйг ил мэдэгдэхгүй мөртлөө ихэвчлэн хөшигний ард явдаг нь тохирооноос харж болно. У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын тамга өвлөсөн Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэхийн дарга байхдаа Оюу Толгойн 34 хувьд Монгол Засгийн газрыг төлөөлөл суугаа ТУЗ-ийн гишүүнээс нь Н.Багабандийг хөдөлгөж, чадаагүй нь үүний бэлээхэн жишээ юм.

Гагцхүү МАН-ыг МАХН байхад нь нэр өөрчлөх асуудлаар Н.Багабандитай илт зөрчилдөж явсан Н.Энхбаяр ноосоо тушаачихаад төрхөмдөө буцсан энэ цаг үед урт хугацаанд хуримтлагдаж, угжирсан тэдний харилцаа ямар төвшинд очих вэ? Нэгэнтэйгээ уулзахаас ч цэрвэдэг Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг уулзуулсан цорын ганц улстөрч нь Ц.Элбэгдорж. Уулзуулсан гэхээсээ үе үеийн Төрийн тэргүүнүүд хамтдаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр тэд хамтдаа зогсжээ. Бусдаар МАН-ын даргын төдийгүй Монгол Төрийн тамгыг нэгнээсээ гардсан ховор хувь тохиолтой Н.Багабанди, Н.Энхбаяр нар өөр хоорондоо эвлэрэх орон зай ч үлдээлгүй өс зангидаж явсныг өнгөрсөн 20 жилийн түүх гэрчилнэ.

С.Гандөл