Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлжээ

Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн жанжин туганд хүндэтгэл үзүүлжээ. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нарын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцов. Тус багийн бие бүрэлдэхүүн нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод 19 жил болж байна. Энэ хугацаанд дэлхийн 13 улсад болсон 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19.500 гаруй цэргийн алба хаагч оролцож, энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирэв.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний Жанжин тугийг залснаар ёслол эхэлсэн юм. Энэ үеэр БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны цэргийн ажиглагч офицерыг үүрэг гүйцэтгүүлэхээр илгээснээс хойших 19 жилд дэлхийн 13 улсад болсон 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19.500 гаруй цэргийн алба хаагч, энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн”-ийг онцлов.

Өнөөдөр дэлхий нийтээр цар тахлын халдвар тархсан эрсдэлтэй цаг үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг тодотгоод, бие бүрэлдэхүүнд төр, засгийн удирдлагаас хүлээлгэсэн өндөр нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, туршлагадаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, Цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэн, бие биедээ анхаарал тавьж, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна хэмээлээ.