Б.Бат-Эрдэнэ: Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ
Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 59 дүгээр зарлиг гарган ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийг хэрэгжүүлснээр монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана хэмээн үзэж буй бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ гэж сайд хэллээ.
Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.
Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд учрах хүндрэл бэрхшээлийг арилгаж, төрийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж үзжээ.
Модлог ургамлын үр, үржлийн материалын асуудлыг хуульд тусгайлан заасан бөгөөд ойн үрийн гарал үүсэл, чанар, үрийн улсын нөөцийн сан, үрийн удмын сангийн хадгаламж байгуулах, судалгаа туршилтын лаборатори ажиллуулах эрх хэмжээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заажээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулж ажиллах, мод тарих арга хэмжээний хүрээнд урамшууллын тогтолцоог тодорхой болгох, тарьсан модоо хаягжуулах, арчилж хамгаалах, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал бүсийн ойн менежментийн асуудлыг ойн менежментийн төлөвлөгөөнд тодорхой тусгах, ойн газрын бүтэц орон тооны асуудал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцээгүй, мод үржүүлэг, тарьц суулгацын ажлыг хувийн хэвшлээр, мэргэжлийн удирдлагыг агентлаг хариуцах, мод тарих байршил, орчин нөхцөлийг тодорхой болгох, иргэдийн амжиргааг сайжруулахад жимсний модыг түлхүү тариалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, ой модыг нөхөн сэргээхтэй холбогдуулан мод бэлтгэлийн ажлыг дараа жилийн мод бэлтгэх ажилтай уялдуулах, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн байгууллагыг өргөжүүлэхээс илүү мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарах, менежментийн төлөвлөгөөг сайжруулах, аймаг, орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлтэй хамтарч ажиллах, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд ялангуяа хуш модоо хамгаалахад түлхүү анхаарах, УИХ-ын гишүүн Б.Бейсен мод тарихад усжуулалтын асуудалд анхаарах, хуулийн төсөлд тусгагдсан бүсийн ойн аж ахуй байгуулах гэсэн зохицуулалтыг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төслийн зүйл, заалтад анхаарч ажиллах, бүсийн аж ахуй байгуулах асуудалд анхаарах, ойн газар нь усны газартай хамтарч ажиллах талаар бодлогын асуудпыг хуулийн төсөлд тусгах, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төсөлд тусгагдсан ойн сан, ойн талбайг нэмэгдүүлэхэд эрдэмтэн судлаачдын эдийн засгийн тооцоолол, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах, хортон шавжтай тэмцэхэд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх нь зүйтэй зэрэг саналыг хэлсэн байна.
Тэрбээр, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж хариулт авсанаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.




