Тунхаг төдий явсан 57 дугаар тогтоол ТУГ болж албажих нь!

Л.Оюун-Эрдэнэ “Шинэ Сэргэлтийн бодлого” гэж яриад, Засгийн тэргүүний хувиар УИХ-аар хөгжлийн бодлого болгож батлуулаад гурван жил өнгөрөв. Гадаадад айлчилсан ч, дотоод албан томилолтод ч хамгийн олон удаа онцолж бас танилцуулсан энэхүү бодлого нь үе үеийн Ерөнхий сайд нарынхаас ялгаатай нь Үндсэн хуулийн дархлаатай. “Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого тогтвортой байна” гэж. Ийн хуульчилсан нь, тэгэхдээ “Эцэг хууль”-даа цагаан дээр хараар шигтгэснээр Монгол Улс урт хугацааны хөгжлийн нэг л бодлоготой байна гэсэн үг. Тэр “Алсын хараа-2050”, түүнийг хэрэгжүүлэх эхний 10 жилийн хөтөлбөр нь “Шинэ Сэргэлтийн бодлого” байх юм.

Сонгуулийн үр дүнгээр ямар ч УИХ бүрдсэн, хэнбугайг ч Ерөнхий сайдаар томилсон эл бодлогыг үгүйсгэж баллуурдах боломжгүй. Хүний, нийгмийн, эдийн засгийн болон дэд бүтэц, байгаль орчин, засаглалын, бүсчлэлийн, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Шинэ Сэргэлтийн бодлого” үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Лав л Ерөнхий сайдын урд хөршид хийсэн анхны айлчлалын хүрээнд “Боомтын сэргэлт”-д тусгасан төмөр замын болон хилийн холболтын цэгүүдийн царигийн маргааныг эцэслэж, нүүрсний экспорт гацаасан гарсан. Араас нь Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулаад зогсохгүй Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь энэ онд дуусах товтой. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын луужин болсон “Шинэ Сэргэлтийн бодлого”-оос хамгийн бодитой, богино хугацаанд хэрэгжүүлж чадсан ажлын нэг нь маргаангүй “Боомтын сэргэлт”.

Мэдээж Эрчим хүчний, Аж үйлдвэрийн, Ногоон хөгжлийн зэрэг “Сэргэлт”-үүд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэр, газрын ховор элементийг олборлож, ашиглах асуудлаар Герман, БНСУ-тай түншлэх асуудлыг хөндсөнөөр албажиж буй. Залгуулаад Хот, хөдөөгийн сэргэлтийг албан ёсоор “амь” оруулахад хөшүүрэг болох учиртай “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг намрын ээлжит чуулган хаалтаа хийхээс өмнө буюу ирэх лхагва гарагт эцэслэн батлахаар товложээ. 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд эхний байрт жагсдаг ч 0.3 хувьд буюу нийслэл Улаанбаатарт 50 орчим хувь нь амьдарч байна. Төрийн байгууллага нь бүхэлдээ, их, дээд сургуулийн 90, нийт худалдаа үйлчилгээний 86, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь тус, тус нийслэлд байрлаж үйл ажиллагаа явуулдаг нь нэг төв рүү чиглэсэн хэт төвлөрлийг бий болгосны энгийн жишээ нь. Үндэсний статистикийн хорооноос 10 жилд тутамд явуулдаг хүн ам, орон сууцын ээлжит тооллого, хүн амын шилжих хөдөлгөөний жил бүрийн тайлангаас  үзэхэд, хотжилтын түвшин нь хөдөөгөөс чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай өсөж 2020 оны байдлаар 70 орчим хувьд хүрсэн нь нэн тэргүүнд шийдвэрлэхээс өөр аргагүйд хүргэжээ.  

УИХ-ын 106 дугаар тогтоол буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан байдаг. Харин одоогоос 23 жилийн өмнө, 2001 онд УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч бодитой хэрэгжүүлж чадаагүй, тунхаг төдий явж ирсэн нь хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан өнөөгийн дүр зураг.

Уг ялгаатай байдлыг арилгаж, тэнцвэрийг хангах зорилгоор Төрийн байгууллагын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзаж бүсчилсэн байдлаар нийслэлээс үе шаттайгаар нүүлгэн байршуулах нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үндсэн агуулга мөн зорилго нь. Ингэхдээ орон нутагт шилжин ажиллах Төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг нь хангах асуудлыг судалж, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Үүнийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ.

Санаж байгаа бол “Миний анхны байр”, “Миний орон нутагт амьдрах сонголт”, “Миний түрээсийн байр”, “Миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлнэ” гэдгийг Ерөнхий сайд шинэ оны мэндчилгээндээ дурдсан. Тэгэхээр Төрийн байгууллагыг нийслэлээс үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, орон нутагт ажиллах албан хаагчдын нийгмийн баталгааны суурь нь “Миний анхны байр”, "Миний орон нутагт амьдрах сонголт" гэсэн зэргээр илэрхийлэгдэх нь. 

Ерөнхий сайдын мэндчилгээнд багтсан эдгээр хөтөлбөр ч хий хоосон амлалт төдийхнөөр хэмжигдэхгүй. Дэлхийн улс орнуудад нийгмийн үйлчилгээний хүртээмжийг тэгшитгэх, хэт төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор томоохон хотуудаа бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэх, Төрийн байгууллагыг байршлыг сэлгэн өөрчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх болсон. Жишээ нь, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад “Засгийн газрын төрийн албыг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөрийн дагуу ажлын байрыг улс даяар жигд түгээх замаар 22 мянган ажлын байрыг 2030 он гэхэд Лондон хотоос нүүлгэх амлалтыг Засгийн газар нь өгчээ.

БНСУ-ын хувьд гэхэд Сөүлийн хэт төвлөрөл, бусад бүс нутаг дахь ажлын байр, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг цогцооро нь шийдвэрлэхийн тулд засаг захиргааны зарим чиг үүргийг Сэжун руу нүүлгэсэн нь өдгөө “Ухаалаг” хот болж хөгжих эхлэлийг хэдийнэ тавьжээ. 2007 оноос эхлүүлсэн эл бүтээн байгуулалтын хүрээнд төлөвлөлтийн эхний үе шатад тус улсын ихэнх засаг захиргааны чиг үүрэг бүхий төрийн 44, үндэсний 15 судалгааны байгууллагын нийт 14 мянган төрийн албан хаагчийн орон сууцыг багтаасан 73 км квадрат талбай бүхий Засгийн газрын цогцолбор багтжээ.

Эндээс хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний  хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь олон улсын жишгээрээ бүсчилсэн хөгжлийг дэмжиж, шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож, нийслэлийг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээ хамгийн оновчтой шийдэл гэдгийг харж болно. Хуулиараа “Агентлагийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан түүний байршлыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр тогтоох зохицуулалттай. Гагцхүү байршлын хувьд хаана байх, энэ талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, этгээдийн тухай тодорхой хуулийн зохицуулалт манайд үгүй. Тиймээс Төрийн байгууллагуудыг бүсчлэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөх зорилгоор зохицуулалтыг тусгасан нь төслийн нэг онцлог.

С.Сүлд