Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд парламент анхаарна
Хуулийн шинэчлэл: Аюулгүй байдлаас итгэлцэл рүү
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 42 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн талаар гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг хийжээ. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан байна. Ахлагч нь УИХ-ын гишүүн М.Мандхай. Хаврын ээлжит чуулган завсарлахаас урьтаж өргөн барихаар зэхэж буй эл хоёр хуулийн төсөл Монгол Улсын хүнсний бодлогын шинэчлэлийг дараагийн шатанд шилжүүлэхэд томоохон реформын шинж чанартай гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай сэдвийг олон жил дээд, дунд шатанд хэлэлцэж, ярилцсан ч тоймтой үр дүнд хүрсэн нь үгүй. Харин энэ удаагийнх асуудлыг цогц тогтолцоо хэлбэрээр шийдэх оролдлого хийж буйгаараа онцлог. Яагаад гэдгийг одоо товчхон сийрүүлье.
НЭГ УДААГИЙН ШИЙДЭЛ БИШ, СУУРЬ ТОГТОЛЦОО
Хуулийн төсөлд зааснаар хүнсний сүлжээний бүх үе шат-түүхий эдийн бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээ зэрэг нь мэргэшсэн хяналт дор явагдана. Энэ хэрээр хяналт шалгалтыг "цалинт ажил" бус, салбарын мэргэжлийн менежмент болгон хөгжүүлэх зорилготой. Ингэснээр хүнсний сүлжээнд оролцогчдын хариуцлага дээшилж, төрийн хяналт ч үр нөлөөтэй болох суурь бүрдэнэ.
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ
Шинэ хуулиар хүнийг шим тэжээллэг, чанартай хүнсээр тогтвортой хангах нөхцөл бүрдэхээр заасан нь эрүүл мэндийн салбарт шууд хамааралтай. Монгол Улсад чихрийн шижин, зүрх судасны өвчин, хэт таргалалт зэрэг халдварын бус өвчлөл сүүлийн арван жилд тогтмол өсч байгаа статистик бий. Эдгээрийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу сонголт, тэжээлийн дутагдалтай холбоотой гэж Эрүүл мэндийн яамны судалгаанд дурдсан байдаг.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, МЭДЛЭГ, СОНГОЛТ
Хуулийн төсөлд хэрэглэгчийн мэдлэгт суурилсан сонголтыг дэмжих талаар тусгай заалт орсон. Энэ хүрээнд хүнсний шошго, тэжээлийн мэдээллийг ойлгомжтой, үнэн зөв болгох үүргийг хүнсний чиглэлийн байгууллагуудад ногдуулж буй. Үүний үр дүнд иргэдийн хүнсний сонголт зөв болохоос гадна бизнес эрхлэгчдийн хариуцлага, ил тод байдал эрс нэмэгдэх боломжтой.
ЭКСПОРТ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Монгол Улс органик, уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээрээ олон улсад тодорхой нэр хүндтэй ч баталгаажсан стандарт, хяналтын тогтолцоо сул байсаар ирсэн. Хэрвээ шинэ хууль хэрэгжвэл баталгаат хүнсний экспорт өсч, дотоодын хүнсний брэндүүд олон улсын зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болно.
ИТГЭЛЦЛИЙН ШИНЭ ШАТ РУУ
Хүнсний тухай хуулийн энэхүү шинэчлэл нь аюулгүй байдлыг хангах зорилготой мэт боловч цаанаа иргэд, бизнес, төрийн хоорондын итгэлцлийн сүлжээ шинээр бүрдүүлэх зорилготой бодлогын алхам болох нь. Үндсэндээ салан задгай шахуу явж ирсэн зохицуулалтаас системтэй удирдлагын түвшин рүү шилжих, “чангатгах” бус “чадваржуулах” шинэ хандлага бий болгох нь хуулийн төслийн амин судас нь юм.
Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг баталснаар дараах үр дүн бодитоор гарахаар харагдаж байна.
-Хүнсний сүлжээнд мэргэшсэн хяналт тавина
-Хүн амыг шим тэжээллэг, чанартай, баталгаатай хүнсээр хангах боломж нэмэгдэнэ
-Халдварын бус өвчлөл буурч, холбогдох зардал багасна
-Хэрэглэгч бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийх чадвар, дадал төлөвшинө
-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшилнэ.
-Салбарын хүний нөөцийг чадавхжуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэнэ.
-Хуулийн хэрэгжилт үр дүнтэй болно
-Хүнсний баталгаат байдал сайжирч, хүнсний экспорт нэмэгдэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
Эх сурвалжууд
1. Эрүүл мэндийн яам. (2024). “Халдварын бус өвчлөлийн үндсэн үзүүлэлтүүд.” https://mohs.gov.mn
2. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл. Монгол Улсын Их Хурал. (2025). https://legalinfo.mn
3. FAO-United Nations Food and Agriculture Organization. (2022). "Food Systems Profile – Mongolia." https://www.fao.org/mongolia
4. Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр. (2024). https://zasag.mn/news/view/62418
Г.Эрхэс



