Н.Учрал: Төр олон нийтийг хамарсан уулзалт хийхгүй, төсвөөс санхүүжүүлэхгүй
Н.Учрал: Төр олон нийтийг хамарсан уулзалт хийхгүй, төсвөөс санхүүжүүлэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төртэй түншлэх хувийн хэвшилд олгох зөвшөөрлийн хугацааг багасгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ хүрээнд энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодуудад шилжүүлнэ. Үе шатыг багасгаж, эрэмбийг тогтооно. Зарим төслийг хувийн хэвшлээр санхүүжүүлэхээс өөр аргагүй болсон. Төсвийн хүрээний мэдэгдэлд хоёр их наяд төгрөгийн хэмнэлт хийж, дарга нарыг цөөлж, үндэсний хороо зөвлөх, комиссыг татан буулгаж, улсын төсвөөр хийдэг хурал, зөвлөгөөнийг багасгахаар шийдвэрлэсэн. Гадаад дотоод томилолтыг хумина гэдгийг ойлгох ёстой.
УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг баталсны дараа төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Төсвийн зарлагыг 3.3 их наядаар танана. Тооцоолсон орлого багассан учраас төлөвлөсөн орлого буурч байна. Хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд Төр өөрөө бүсээ чангалж, хэмнэлтийг өөрөөсөө эхэлж байна. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй. Харин Төрийн албан дахь давхардлыг цөөлөх байдлаар хэмнэлт хийнэ.
Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллаганы хөтөлбөрт суусан 14 төслийг эрэмбэлэх ажлыг нийт 14 аргачлалаар үнэлсэн. Энэ дагуу 4-5 төслийг үргэлжүүлж хэрэгжүүлнэ. Эдгээрт хөрөнгө оруулалт татах, Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх чиглэлээр урьдчилсан үнэлгээнүүд хийж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг 14 аргачлалаар үнэлж, заримыг нь хойшлуулах шаардлага үүссэн.
Жишээ нь, Үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулдаг Эдийн засгийн форумын талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцлаа. Гадаадын хөрөнгө оруулагч өндөр оролцоотой оролцоно. Гэхдээ энэ жилийн хувьд төрийн бус байгууллагатай хамтарч, хувийн хэвшлийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Төр зөвхөн оролцоно гэсэн үг. Цаашдаа олон нийтийг хамарсан уулзалт хийхгүй, төсвөөс санхүүжүүлэхгүй байх бодлого барина.







