"Xүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхэлсэн"
"Чөлөөлье санаачилга" Засгийн газрын түвшинд албажив
Гадаад орчин дахь дайны нөхцөл байдал, геополитикийн дахин хуваарилалт, дотоодын улс төрийн уур амьсгалаас үүдсэн хямрал хаяанд ирээд зогсохгүй, хаалга тогшиж эхэлсэн энэ цаг үед 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж, 01 тоот албан даалгавараа баталж, алх цохилоо. Үндсэндээ ямар нэгэн ид шид амлахгүй, үнэнээ хэлэхээ онцолсон түүний танхимын эхний шийдвэр татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг нэг сарын хугацаатай нээх байв.
Ингэснээр эдгээр компани үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, дансандаа зөвхөн орлого төвлөрүүлэх бус зарлага гаргах эрх нь нээгдэж байгаа юм. Дотоодын улс төрд үүссэн үл ойлголцол шуурга дэгдээх хэмжээнд хүрсэн нь саяхных ч эдийн засагт үүссэн онцгой байдлын нөхцөлд шуурхай арга хэмжээ авч, асуудлыг шийдэх нь Төрийн үүрэг. Эл агуулгаар Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн анхны албан даалгаврын агуулга аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн нь энэ.
Ерөнхий сайд Н.Учрал ч “Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг идэвхжиж, сэргэх ёстой. Тиймээс татварын өртэй 12 мянга орчим компанийн дансыг өнөөдрөөс нээж байна. Мөн Төрөөс ажил авч гүйцэтгэсэн бол санхүүжилтийг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэсэн” гэдгийг онцлов. Нэг үгээр Төр, хувийн хэвшлийн түншлэлээр өөрсдийн хөрөнгийг урьдчилж гаргаад ажил гүйцэтгэдэг ч эцэстээ санхүүжилтээ авч чадахгүй сунжирдаг, зарим тохиолдолд он дамнаснаас үйл ажиллагаа нь доголддог, бараг хаалгаа барихдаа тулдаг байдлыг ийнхүү халж байна.
Үндсэндээ Н.Учрал парламентыг даргалж байхдаа дэвшүүлж, батлуулсан хувийн хэвшил, иргэндээ итгэх, Төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье санаачилга” ийнхүү гүйцэтгэх засаглалын түвшинд компаниуд дансыг нээснээр эхэллээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаагаа сэргээх, татвар төлбөрөө барагдуулах, цалингаа тавих боломжийг Засгийн газар өөрийн эрх үүргийн хүрээнд нээснээр эдийн засагт эерэг дохио өгч, идэвхжүүлэх, эргэн сэргээхэд нөлөө үзүүлэх нь мэдээж.
Гэхдээ хувийн хэвшил рүү чиглэсэн Ерөнхий сайдын эл шийдвэр зөвхөн данс нээснээр хязгаарлагдахгүй нь бололтой. Хагас жилийн гүйцэтгэлээ дүгнэсний дараа Төсвийн тодотголыг дагалдуулж Татварын хуулийн шинэтгэлийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах нь энэ Засгийн эхний бодлого байх нь.
Сануулахад “Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна" гэдгийг Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн удаатай.
С.Сүлд