Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна

"Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, цэргийн хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр" байгуулж эхэлж байжээ.