Ц.Мөнхтуяа: багшийн үндсэн цалин 2.23 сая, цэцэрлэгийн багшийнх 2.34 сая төгрөг

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа танилцуулж, тус салбарын багшийн хомсдол, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцолсон юм. Түүний мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд цэцэрлэгт 508, ерөнхий боловсролын сургуульд 4292, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад 82 багш дутагдалтай байсан бөгөөд 2030 он гэхэд 23 мянга гаруй багшийн хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Мөн 2026 оны хоёрдугаар улиралд улсын дундаж цалин 3.03 сая төгрөг байхад ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 2.23 сая, цэцэрлэгийн багшийнх 2.34 сая төгрөг байна.

Хуулийн төсөлд багш, боловсролын байгууллагын удирдах болон мэргэжлийн ажилтнуудын үндсэн цалинг улсын дундаж цалингаас доошгүй түвшинд тогтоож, инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэхээр тусгасан байна. Анги дүүргэлтийн ачааллыг цалинтай уялдуулах, багш мэргэжлээр суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, амьжиргааны тэтгэлэг олгох, олон жил ажилласан багш нарт эрт тэтгэвэр тогтоолгох сонголт олгох, хүүхдийг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтуудыг шинээр оруулахаар заажээ.

Түүнчлэн хуулийн төсөлд боловсролын санхүүжилтийг ДНБ-ий 7.0 хувь буюу улсын төсвийн нийт зардлын 20 хувиас доошгүй түвшинд төлөвлөх, суралцагчийн хувьсах зардал, үдийн хоол, дотуур байрны хоолны зардлыг инфляцтай уялдуулан шинэчлэхээр тусгасан байна. Эдгээр нь зөвхөн багшийн цалин нэмэх асуудал бус, боловсролын салбарын хүний нөөц, санхүүжилт, засаглал, үйлчилгээний чанарыг цогцоор нь сайжруулж, боловсролын тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн шинэчлэл гэдгийг тэрбээр дурдлаа.