Н.Энхбаяр: Төсвийн төсөл бүтэц агуулгын хувьд харьцангуй сайжирсан

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, хамаарал туйлын эмзэг байгааг онцлоод гадаад худалдааны 70 гаруй, экспортын 90 гаруй хувь ганц улсаас хамааралтай, эрчим хүч 24, түлш шатахуун 100 хувь импортоос хараат, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 160 хувьд хүрсэн, эдийн засгийн төрөлжилтийн индексээр Монгол Улс дэлхийн 145 орноос 139-д бичигдэж байна. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлаа эрс сайжруулж, эмзэг байдлаа бууруулахын тулд макро эдийн засаг тэр дундаа төсвийн бодлогын эрс шинэчлэлийг эхлүүлж байна гэв.

Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого, зардал, өрийн хэмжээг бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг өгөөжтэй зарцуулах,  нийгмийн зөвшилцөл, иргэдийн оролцоог хангах суурь зарчмыг баримталсан. Эдгээр зарчмын хүрээнд бид “Хувийн хэвшлийг дэмжсэн, хүний хөгжилд чиглэсэн дунд хугацааны төсвийн бодлогыг” тодорхойлсон гэж байлаа.

Мөн макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн талаар танилцуулсан. Тухайлбал, Эдийн засгийн өсөлт: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой 6 хувиас дээш түвшинд хадгалах зорилтын хүрээнд 2027 онд 6.3, 2028 онд 6.5 хувь өсөхөөр тооцсон байлаа.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2026 онд  31.6 их наяд, 2027 онд  33.7 их наяд, 2028 онд  37.3 их наяд төгрөг байхаар тооцсон. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсанаас 2026-2028 онуудад 1.8 их наяд төгрөгөөр тус тус бууруулан тооцлоо. Ингэснээр тэнцвэржүүлсэн орлогын ДНБ-д эзлэх хувь 2026 онд 30.9, 2027 онд 29.3, 2028 онд 28.2 хувь байна. Энэ нь татварын ачааллыг хөнгөрүүлж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсвийн нийт зарлага: 2026 онд 33.0 их наяд буюу ДНБ-ий 32.2 хувь, 2027 онд 34.6 их наяд буюу ДНБ-ий 30 хувь, 2028 онд 37.8 их наяд буюу ДНБ-ий 28.6 хувь байхаар төсөөллөө. Зарлагын ДНБ-д эзлэх хувийг үе шаттай бууруулснаар төсвийн сахилга батыг чангатгаж, мөнгөний бодлоготой уялдуулна. Үр дүнд нь төрийн оролцоо хумигдаж, хувийн хэвшлийн орон зай тэлж, инфляц саарч, зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ  хэмээн дурдсан байв.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: 2026 онд 1,380 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэх дүнгээр алдагдалтай баталж хэрэгжүүлэхээр, 2027-2028 онуудад тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 0.8 хувь, 0.4 хувь болгон тус тус бууруулахаар хуулийн төсөлд тусгасан гэж танилцуулгад дурджээ.

Мөн суурь зарлагыг төсвийн хүрээний мэдэгдэлд нийт зарлагаас эх үүсвэртэй зардлыг хасаж тооцсон дүн буюу нэгдсэн төсвийн суурь зарлагын хэмжээг 2026 онд 29.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 28.9 хувь, 2027 онд 31.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.3 хувь, 2028 онд 33.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.1 хувь байхаар тооцон тусгасныг Ерөнхий сайд онцлоод суурь зарлагын хэмжээг батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй харьцуулахад 2026 онд 0.8 их наяд, 2027 онд 1.8 их наяд, 2028 онд 3.2 их наяд төгрөгөөр тус тус бууруулан тооцсон гэж байлаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.

Уг дүгнэлтэд хуулийн төсөл нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны шаардлагыг хангасан, бүтэц агуулгын хувьд харьцангуй сайжирсныг дурджээ.

Мөн тэрбээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эерэг, сөрөг болон цаашид сайжруулах, анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулав.

Эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өмнөх жилүүдийн хэт өөдрөг түвшнээс багасгаж 5.7 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, олон улсын байгууллагуудын таамаглалтай ойролцоо түвшинд харьцангуй бодитой таамагласан нь төсвийн бодлогыг макро эдийн засгийн нөхцөл байдлыг зөв харж төлөвлөх шаардлагатай нийцэж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2025 оны 07 дугаар  сарын 09-ний өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу төсвийн орлого, зарлагыг бууруулсан төдийгүй 2018 онд төсвийн нийт зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний ) 29 хувьтай тэнцэж байсан бол 2024 онд 38.3 хувь болж даруй 9.3 нэгжээр өссөн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, төсвийн хэт тэлэлтийг зогсооход чиглэсэн эхлэл болж байгаа нь эерэг хандлага гэдгийг онцлов.

Үүний зэрэгцээ төсвийн бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилтийн хувьд анхаарах зарим асуудлыг танилцуулсан. Тухайлбал,

Нэгдүгээрт. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд төсвийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогын тухай ихээхэн дурдаж төсвийн зарлагыг тэлэх арга хэрэгсэл болгодог байдлаас татгалзаж, эдийн засгийн тэлэлттэй үед ч санадаг байж төсвийн ирээдүйн эрсдэлийг бууруулахад анхаарах нь хүнд нөхцөл байдалтай тулгарсаны дараа хариу үйлдэл хийхээс илүү оновчтой.

Хоёрдугаарт. Төсвийн зарлагыг бууруулж цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорьж байгаа нь сайн хэрэг боловч энэ нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тодорхойлсон хувь, хэмжээнд хүрэхгүй байна. Зөвлөлийн тодорхойлсноор төсвийн зарлага ДНБ-ний 27 хувьтай тэнцэж байх нь өсөлтөд хамгийн их эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Зарлагын оновчтой түвшингээс гадна төсвийн алдагдал макро эдийн засгийн үр нөлөөтэй эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд алдагдалгүй төсвийн талаарх үзэл баримтлал хэрэгжиж чадалгүй цаасан дээр үлдэж байгааг дурдахыг хүсэж байна.

Гуравдугаарт. Төсөв, макро эдийн засгийн эрсдэл дунд хугацаанд үргэлжлэхээр байна. 2020-2024 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь байсан бол нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь байжээ. Энэ нь цааш үргэлжилбэл гурван жилийн дотор буюу 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30 хувиас хэтрэх буюу төсвийн тусгай шаардлага зөрчигдөх нөхцөл үүсэхээр байна.

Засгийн газраас боловсруулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаx тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэчлэлийн төсөвт үзүүлэх шууд нөлөө Сангийн яамны тооцоолсноор -4.0 их наяд төгрөг орчим байгаа нь ДНБ-ий 3-4 хувь болох буюу мөн хэмжээний төсвийн алдагдал үүсгэн төсвийн тэнцлийн тусгай шаардлагууд 2027 оноос зөрчилдөхөөр байна. 2023 онд Монгол Улс анх удаа төлбөрийн болон төсвийн тэнцлийн хувьд ашигтай гарсан нь эдийн засгийн хувьд ихээхэн эерэг үзүүлэлт болж чадсан. Энэ нь удаан хадгалагдаж чадаагүй бөгөөд 2024 онд тэнцлийн хос алдагдалтай гарсан. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, төлбөрийн тэнцлийн мэдээллээс харахад төсөв, төлбөрийн тэнцэл нь 2025 онд алдагдалтай гарахаар байгаа бөгөөд 2026 онд ч энэ байдал давтагдах эрсдэлтэй байна. Ингэснээр төсөв, урсгал тэнцлийн хос алдагдлын мөчлөгт эдийн засгийг оруулж болзошгүй юм. Энэ нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж эдийн засгийн дархлааг сулруулах үр дагавартай гэдгийг сануулж байна.

Дөрөвдүгээрт. Сүүлийн жил гаруйн хугацаанд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь агуулга бүтцийн хувьд сайжирч, Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн 12.3-т заасан агуулгыг хамрах байдал харьцангуй сайжирсан ч макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар хийсэн дүн шинжилгээ; макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл; төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн төлөвлөгөөг гүйцэтгэл, үр дүнтэй нь харьцуулсан харьцуулалт зэрэг нь хангалтгүй байгаа тул энэ чиглэлээр хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр танилцуулсан.

Уг дүгнэлтэд Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нийт 316 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас 126 төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих бөгөөд үүнээс 60 хувь буюу 76 төсөл, арга хэмжээг 2026 оны төсвийн төсөлд тусгасан байгааг дурдаад 2026 оны төсвийн төсөл нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй тодорхой хэмжээнд нийцтэй байна. Гэхдээ төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний нийцтэй байдлыг бүрэн хангах асуудлыг цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлуудыг танилцуулсан байв.

Улсын төсвийн орлого төлөвлөлтийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүнд Үндэсний баялгийн сангийн орлогын эзлэх хувь өсөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт эрсдэлтэй, төсвийн татварын бус орлого буурах хандлагатай, улсын төсвийн орлого нь түүхий эдийн экспортын биет хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Улсын төсвийн орлого экспортод гаргаж байгаа түүхий эдийн биет хэмжээ, дэлхийн зах зээлийн үнэээс ихээхэн хамааралтай байгаа нь төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэхэд эрсдэл дагуулж байна гэжээ.

Улсын төсвийн зарлагын төлөвлөлтийн талаар: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн өсөлт 2025, 2026 онд аажим саарах хандлага ажиглагдаж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахаар төлөвлөсөн байна. ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагын хэмжээ 2018 онд 29.0 хувь байсан бол 2021 онд 37.1 хувьд хүрч өссөн.  Улмаар 2022 онд 33.9, 2023 онд 29.2 хувь болж буурсан ч 2024 онд дахин 38.3 хувьд хүрч өссөн. Төсвийн нийт зарлага 2025 онд 35.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа бол, 2026 онд 32.2 хувь болж буурна гэж тооцжээ. Төсвийн бодлогын зорилтуудыг харилцан уялдаатай тодорхойлсон боловч төсвийн зарлага, үр дүнгийн үзүүлэлтүүдийн нийцлийг бүрэн хангаагүй байна. Төсвийн төсөлд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарыг онцолсон нь 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний “хүн төвтэй” хөгжлийн үзэл санаатай уялджээ. Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл нь нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбар, эдийн засгийн үйл ажиллагаанд чиглэж байна.

Улсын төсөв ба орон нутгийн төсөв хоорондын одоогийн харилцааг шинэчлэх замаар бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай байна гэсэн байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлж төлөвлөх тогтолцоог зохистой хэрэгжүүлэхгүй байгаа нь хэрэгжилтийн үр дүнг бууруулж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх тогтолцоо, дүрэм журамд зарим алдаа дутагдал, сул тал оршсоор байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтөд суурилсан урт хугацааны төлөвлөлттэй төсвийн хөрөнгө оруулалтыг уялдуулах, хөрөнгө оруулалтын зохицуулалтын орчин, үр дүнгийн үнэлгээг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна хэмээн дурдсан байлаа.

Хуулийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Засгийн газраас Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлээгүй, батлагдаагүй байхад 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу жишиг болно. Мөн хуулийн төсөлд макро дүгнэлт хийх, хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааллыг нухацтай ярилцах зэргээр дотооддоо ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай  байна” хэмээгээд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тус бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгөв.