Ц.Нямдоржийн шидсэн хоёр үзүүртэй зүү

Хуулийн сайд асан Ц.Нямдорж дуу оров. Оров ч гэж Л.Оюун-Эрдэнийн танхимд Хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байгаад Д.Амарбаясгаланд халаагаа өгснөөс хойш нам гүн явсан тэрбээр тоймтой тоотоохон дуугарч асныг эс тооцвол гавьяаныхаа амралтад хэдийнэ гарсан байв. Харин энэ удаад Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулсан арга хэмжээний үеэр намрын ээлжит чуулганы нээлтэд оролцоод зогсохгүй улс төрд өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэр дундаа дараагийн даргаа тодруулах хуулийн хайчинд орсон төрөлх намынхаа асуудлаар дуугарсан нь анхаарал татаж байгаа юм. Тэрбээр “Аливаа нам хурлаа хийж, даргаа сонгодог ердийн үзэгдэл. Хэтэрхий улстөржүүлээд, дээрээс нь хэвлэлийн хар мэдээнүүд яваад, энэ нь олон нийтэд буруу зөрүү ойлголт өгөөд байх шиг байна. Энэ бол таатай зүйл биш. Угаасаа их хурал хуралдах хугацаа нь болчихсон, дүрмээрээ. Тэрнийхээ дагуу хуралдана. Би ганц зүйл хэлье. Энэ хурлаа хурдан хийгээч ээ л гэж байгаа юм. Д.Амарбаясгалан дарга нэр дэвшинэ гэдгээ дуугарчих шиг болсон. Г.Занданшатар дарга бас тийм бодолтой байгаа байх.

МАН-ын асуудал хүссэн ч эс хүссэн ч Төрийн асуудал болдог. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль бас цаг хугацааны асуудал болчихлоо. Даргаа сонгохдоо энийг бодолцох байх” гэжээ. Нэгэн цагт хуулийн салбарын толгой явсан хашир улстөрчийн байр сууриас харахад Бага хурал, Их хурлаа хийж намын дүрмээ шинэчлэх, цаашлаад дараагийн даргаа тодруулах асуудлаар МАН доторх зөрчил хэдийнэ савнаасаа хальж, бүр сагаж эхэлсэн гэдэг нь тодорхой. Үндсэндээ Засгийн газраа огцруулж, ээлжит Ерөнхий сайдаа тодруулж, томилсон тэдний хувьд Л.Оюун-Эрдэнэд үлдсэн “давхар дээл”-ийг эсэх нь цаг хугацааны асуудал болсон нь илт. Тэр нь Бага хурал, Их хурлаас шууд хамаарна, түүнийгээ хурдан хийж, асуудлаа яаравчлах тухай үг Ц.Нямдоржийн амнаас зүгээр нэг унахгүй гэдэг нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, дараагийн дарга хэн болох вэ гэдэг асуултад шууд хариулт өгөх хүн одоохондоо МАН-д байхгүй, аль болох харзнах байдалд шилжсэнийг Ц.Нямдорж хэлнэ лээ. Учир нь, өнөөдөртөө ил болсон Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын талаар “Аль, аль нь боломжтой. Г.Занданшатар их хурлын дарга хийж байсан. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан. Одоо Ерөнхий сайд. Д.Амарбаясгалан бас намын Ерөнхий нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Хэд хэдэн сонгууль удирдсан. Одоо их хурлын дарга хийж байна. Аль аль нь боломжийн хүмүүс” гэдгийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын ах нар нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын аль ч намын даргаар ажилласан болохгүй гэх зүйлгүй гэж хэлж буй ч эцсийн мөчид хэн дээр нь “бооцоо” тавих вэ гэдэг нь мэдээж сонирхолтой. 

Гуравдугаарт, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд ан цав үүсэх асуудал олон удаа гарч байгаа. АН-ын үед ч гарч л байсан. Манай намын үед ч гарч л байсан. Эмгэг өвчний шинжтэй болчихсон эд, наадах чинь. Хэзээ зүгээр болох юм байгаа юм. Би сайн мэдэхгүй байна” гэх үгс. Үндсэндээ 1992 оноос хойш Монгол Улс хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн асуудлыг тойруугаар том зургаар нь дурдсанаас бусдаар сайд асан Ц.Нямдорж У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй улс төрийг хөндлөнгөөс дүгнэхийг хүссэнгүй. Наанадаж араа бодсон, цаанадаж Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын аль альныг нь гомдоохгүй гэсэн санаа. 

Үүгээр зогсохгүй “Засгийн газрын ажлыг дүгнэх хугацаа болоогүй. 100 хоног нь ч болоогүй байгаа биз дээ. Ерөнхий сайдаар томилогдсон хүн жил болж байж ажлынхаа дөрөөнд ордог” хэмээсэн нь одоогийн Засгийн газрынхаа ажлыг битүүхэндээ дэмжсэн агуулга байв. Ийнхүү нэгэн цагт Монголын Төрд болж өрнөсөн үйл явдлыг он, сар, өдөр, цагтай нь хэлэх хэмжээний “ой санамж”-тай хэмээн өөрийгөө тодотгож, томъёолж явсан Ц.Нямдорж намынхаа төдийгүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын аль нэг талд нь зогссон агуулга ярихгүй тэдний толхилцооныг зөөллөсөн агуулгатай хоёр үзүүртэй зүү шидсэн нь зүгээр нэг цаг хугацааны давхцал биш юм. Эсрэгээрээ Ардын Намынхан Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын алийг нь дэмжих эсэх нь тодорхойгүй яваагийн тод илрэл юм.

Г.Эрхэс