Г.Занданшатар: Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болно
Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслийн талаар танилцуулсан.
Тэрбээр, Төсвийн төслөө боловсруулахдаа 239.8 мянган иргэнтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонсон хэлэлцсэн. E-Mongolia системээр санал бодлоо ирүүлсэн 188 мянган иргэний дуу хоолой, хүсэл сонирхлыг тусгасныг онцлоод бид иргэдийнхээ хүсэл, нийгмийн захиалгатай нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэхээр төлөвлөлөө. Гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлж, үр дүнд хүрэхээр тооцсоныг тэмдэглэв.
Мөн Засгийн газрын 2026 онд ард иргэдээсээ авсан онцгой даалгавар нь Хавдар судлалын үндэсний төв-II, Зүрх–судасны үндэсний төвийг шинээр барьж эхлүүлэх, Гэмтэл согогийн үндэсний төвийг өргөтгөн бэхжүүлэх, 17 аймгийн яаралтай болон эрчимт эмчилгээний тасгийг иж бүрнээр шинэчлэх, Нийслэлд сургуулийн ачааллыг бууруулах 117 шинэ сургууль, 73 шинэ цэцэрлэг, 32 дотуур байр барих, хүүхэд бүр дэлхийн монгол иргэний хэмжээнд эрдэм мэдлэг эзэмших, багш бүр хийснийхээ хэрээр цалинжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Ахмад настнуудынхаа тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, дундаж тэтгэврийг 901 мянган төгрөгт хүргэхээр тусгасан гэж байлаа.
Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт-цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна гэдгийг Засгийн газрын тэргүүн дурдахын зэрэгцээ 2026 оноос иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна гэв.
Хуримтлагдсан баялгаа эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг иргэдийн амин чухал хэрэгцээнд зориулах нь Засгийн газрын онцгой даалгавар байх болно. Ипотекийн тогтолцоог шинэчилж, тусгайлсан Орон сууцны банк байгуулж, олон айл өрхийн өмнө шинэ орон сууцны үүд хаалгыг нээх болно. Хүү багатай, босго намтай, урт хугацаатай зээлийн шинэ тогтолцоог төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаагаар бий болгоно гэдгийг Ерөнхий сайд тодотгохын зэрэгцээ 2026 онд бүсчилсэн хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3,122 км зам, 3,159 метр гүүр шинээр барьж, засварлана. Замын-Үүд, Гашуунсухайт, Боршоо, Сүхбаатар, Алтанбулагийн боомтын хүчин чадлыг 2–3 дахин нэмэгдүүлсэн бол, 2026 онд Бичигт, Цагаандэл-Уулын өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлж, Цагааннуур, Булган, Хавиргын шинэ боомтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр барьж эхэлнэ гэж байлаа.
Түүнчлэн 2026 оны төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл гээд Засгийн газар өдөр тутмын ажлынхаа төвд үргүй зардлыг танах, сахилга хариуцлагыг чангалан тогтоох бодлогыг тавьсан. Тиймээс ДНБ-ий 35.1 хувийг эзэлж байсан төсвийн зарлагыг 32.2 хувь болгон бууруулна. Урсгал зардлыг 26.6- 24 хувь болгон танаж, сахилга бат, хариуцлагыг бэхжүүлнэ.
Бид 2026 оны төсвийг мөнгөний бодлоготой уялдуулснаар эдийн засгийн өсөлтөө 5.7 хувьд хүргэх, цалин орлогыг хумслагч инфляцын долоон хувиас давуулахгүй хазаарлах, экспортыг 16.7 тэрбум ам.долларт хүргэх зорилтуудыг дэвшүүлж байна. Төсвийн орлогоо 31 их наяд 600 тэрбум төгрөг, төсвийн зарлагаа 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг нэг их наяд 380 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцлоо хэмээн Ерөнхий сайд танилцуулгадаа тодотголоо.




