Д.Батлут: Холбогдох үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ
Б.Энхбаяр: Улсын Их Хурлын түвшинд ч анхаарах асуудал байна
Байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, УИХ-ын Байнгын хорооны тогтоолын 2025 оны жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр нийт заалтын 58.6 хувь нь буюу 1158 заалт бүрэн хэрэгжсэн байгаа нь эерэг үзүүлэлт боловч 41.4 хувь нь хэрэгжилт дутмаг байгаа нь тогтолцооны гүн дэх асуудал буюу зохион байгуулалт, санхүү, чиг үүрэг тодорхойгүйг илтгэж байна. Хуулийн зохицуулалтын хүрээнд давхардал, илүүдэл тодорхой хэмжээнд оршиж байна хэмээн танилцуулгад дурджээ. Иймд хуулийн нэгдсэн мэдээллийн сан байгуулж, давхардлыг урьдчилан шалгах систем нэвтрүүлэх нь зохистой. 2025 оны жилийн эцсийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэр дунджаар 77.3 хувьтай хэрэгжсэн. Шийдвэрүүдийн биелэлтэд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийсэн.
Тайлант хугацаанд хэрэгжээгүй заалтын 148 нь удирдлага, зохион байгуулалтаас, 12 нь санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалсан. Хэмжигдэхүйц биш байдлаас үүдэн 127 шийдвэрийг хэрэгжих боломжгүйд тооцож, 1019 заалтыг хяналтаас хасуулах саналтай байна гэж Б.Энхбаяр сайд танилцууллаа. Тэрбээр, төрийн байгууллагуудын хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдээгүй, салбар хоорондын уялдаа сул, бүтцийн өөрчлөлт олон удаа хийж, хөрөнгө оруулалтыг хангалттай эрэмбэлээгүй, бодлогын болон хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалан хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу байна. Иймд Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгавар өгсөн. Хууль тогтоомжийн биелэлтийн тухайд Улсын Их Хурлын түвшинд ч анхаарах асуудал байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог, сонгогддог байгууллагуудад үүрэг, даалгавар болгосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийн тайлагналтыг гүйцэтгэх засаглалын байгууллагуудтай уялдуулах, нэгдсэн байдлаар тайлагнах боломж бүрдүүлэх, Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрийн нэгдсэн бүртгэлийн систем үүсгэж, Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сантай холбох, шуурхай мэдээлэх, хяналтад авах нь чухал хэмээв.