Д.Батлут: Холбогдох үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ
Б.Уянга: Ерөнхий шинжээчийн эрхийг төрийн захиргааны төв байгууллага олгоно
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав. Байнгын хорооны 2025 оны 19 дүгээр тогтоолоор уг ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажиллаж, нийт таван удаа хуралдсан байна. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Дундговь, Говьсүмбэр аймагт зохион байгуулж, холбогдох саналыг тусгасан гэв.
Мөн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх нөлөөллийнх нь хэмжээг тус бүр тодорхойлох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ерөнхий шинжээчийн эрхийг төрийн захиргааны төв байгууллага олгох, ерөнхий шинжээч нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан байгаль орчны чиглэлээр ажилласан жил, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгч мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх шаардлагыг тусгах, төсөл хэрэгжүүлэгчээс сум, дүүргийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд өөрчлөлт оруулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн захиргаа төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж санал авах ажлыг зохион байгуулах, хуулийг 2026 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгаж, төслийн нэр, томьёог жигдлэх зүйл, хэсэг, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц найруулга хууль зүйн техникийн засваруудыг хийсэн гэдгийг Б.Уянга гишүүн танилцуулгадаа дурдсан.
Ажлын хэсгийн танилцуулга, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, төслийн 7.9-д байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан ангилах гэж заасныг дурдаад ангилал хийх дараалал ямар байхыг, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг томоохон төслүүдээ их, дунд, эрсдэлтэй гэсэн зэрэглэлд хувааж, нарийвчилж байгаа нь зүйтэй ч, аль нь зэрэглэлд, ямар үндэслэлээр төслүүдээ тусгахыг хэн шийдэх, эдгээр зэрэглэл тус бүрд төрийн оролцоо ямар байхыг тодруулж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих стандартын түвшинд хийж чадахгүй байгааг дурдаад байгаль орчны бодлого хариуцаж байгаа холбогдох газрууд ямар зохицуулалт, хариуцлагын механизм хэрэгжүүлэхийг лавлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд дахин боловсруулах үйлдвэр байхгүй байгааг онцлоод химийн хог хаягдал, үүнээс үүдэлтэй байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийн зохицуулалтыг төсөлд хэрхэн нарийвчлан тусгасан талаар тодруулав.
Ингээд хуулийн төслийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн 10, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржоос гаргасан 4, нийт 14 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналыг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржоос гаргасан саналыг дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.