Г.Ариунбуян: 2016-2025 онд нийт 45313 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн нөлөөллийг бууруулах, гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирол, түүнийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2016-2025 онд нийт 45313 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны 76.7 хувийг объектын гал түймэр, 4.4 хувийг ой, хээрийн түймэр, 2.8 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 11.8 хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1.9 хувийг газар хөдлөлт, 3.4 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлж байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зургаас харна уу.

Ус, цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 110 хүн амь насаа алдаж, 11.4 сая толгой мал хорогдож (2023-2024 оны зудын улмаас 8.1 сая толгой мал хорогдсон), нийгэм эдийн засагт 1 их наяд 457.5 тэрбум төгрөгийн (2023-2024 оны зудын улмаас 1 их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан) хохирол учирсан байна. Сүүлийн таван жилийн байдлаар нийт 91 малчин (16 хүүхэд), 68 эрэгтэй, 23 эмэгтэй амь насаа алдсанаас обьектын түймэрт 19, тарваган тахал 1, аянгад 5, үерт 2, цасан нурангид 1, зам тээврийн осолд 3, усны осолд 19, төөрч сураггүй болсон 37 бусад ахуйн осолд 4 хүн өртсөн байна.

Мөн илтгэлд 2026-2030 онд гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд уур амьсгал, ус цаг уурын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийт 11 арга хэмжээг тусган хэрэгжилтийг хангаж ажиллаж байгааг дурдсан байлаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх гамшгийн эрсдэлийн талаар танилцуулсан. 

Энэ талаарх мэдээллийг доорх зургаас харна уу.