"Өмчлөл, эзэмшил нь тодорхойгүй ус, дулааны инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ тулгамдсан асуудал болж байна"
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг байгуулах тухай, Сэлбэ хорин минутын хот, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, нийслэлийн өмчтэй холбогдох асуудлуудын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн инженер хангамжийн байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд, есөн дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлуудыг чанартай зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд 80.2 км инженерийн шугам сүлжээ, 132 км авто замыг шинэчилж байна. Тодруулбал, 18.7 км дулаан, 30 км цахилгаан, 19.1 км борооны ус зайлуулах, 9.8 км ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ерөнхий инженер Л.Алтангэрэл танилцуулав. Дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан түгээх сүлжээний урсгал болон их засварын ажлууд дуусах шатандаа хэрэгжиж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 16 мянган тонн давс, бодисыг нөөцөлж, давс, бодис цацах зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин техникийн бэлэн байдлыг хангажээ.
Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 102,892 гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангаж, үерийн хамгаалалтын байгууламжийн 24 байршлаас 34 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг цэвэрлэлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад өмчлөл, эзэмшил нь тодорхойгүй ус, дулааны инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ тулгамдсан асуудал болж байгааг тодотголоо.