Оюу Толгойн ногдол ашгийг нийгмийн болон суурь дэд бүтцэд зарцуулахгүй
Хариуцлагын тогтолцоог чангатгана
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоотой байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор уг төслийг боловсруулсан гэж хууль санаачлагч онцолсон. Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг үнэлж, эрэмбэлэх, иргэдийн оролцоог бодит болгох, төсөвтэй холбоотой бүх агуулга, мэдээллийг нээлттэй, ил тод, хялбаршуулсан байдлаар мэдээлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах эрх зүйн үндсийг бий болгохыг зорьсон гэв.
Одоо мөрдөж байгаа хуульд энэ талаар тодорхой зохицуулалт хангалтгүй гэж үзсэн тул улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг оноогоор үнэлж, эрэмбэлэн төсөвт тусгадаг байх, үнэлж эрэмбэлээгүй төслийг төсөвт тусгахыг хориглох зохицуулалтыг нэмж оруулжээ. Мөн төсвийн төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэ, төсөвт өртөг, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг олон нийтэд цахимаар тогтмол мэдээлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Улсын төсвийн төслийг хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог бодит болгохын тулд төсвийн талаарх мэдээллийг хялбаршуулан танилцуулах агуулгыг хуульд тусгаж, иргэдээс саналыг нь хүлээн авах, шийдвэрлэлтийг тайлагнах үүргийг төсөлд тусгажээ.