Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа
Э.Бат-Амгалан: Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүссэн
Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав.
Монгол Улсын сая орчим өрхийн 1/3 орчим нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцад, үлдсэн хэсэг нь стандартын шаардлага бүрэн хангаагүй сууцад амьдарч байгаа гэлээ. Агаар, хөрсний бохирдлын дийлэнх эх үүсвэр эдгээр бүсээс шалтгаалж байгаа нь орон сууцжуулалтын бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагын илэрхийлэл хэмээлээ. Өнгөрсөн хугацаанд төрөөс орон сууцын ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр, төрийн орон сууцын хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, аймаг бүрд 1000 айлын орон сууц зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч 2016 оноос хойш төрийн өмчийн түрээсийн орон сууцын санд 1512 айлын орон сууцыг бүрдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулаад байгаа гэв. Өрхийн орлогын судалгаагаар нийт өрхийн тал орчим хувь нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх бага болон дунд орлоготой, залуу өрхүүдийн хувьд орон сууцад хамрагдах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь төрийн өмчийн орон сууцын санг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байгаа хэмээсэн. Үүний зэрэгцээ орон сууцын үнэ жил бүр инфляцын түвшнээс давсан буюу дунджаар 15 орчим хувиар өсөж байгаа ч өрхийн орлого 11-13 хувиар өсөж байгаа нь цаашид иргэдийн худалдан авах чадвар улам бүр буурах эрсдэл дагуулахаар байгаа аж.
Улсын хэмжээнд жилд дунджаар 20 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа ч орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд газар хөгжүүлэлт инженерийн дэд бүтцийг хүртээмж дутагдалтай байгаа нь орон сууцын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал болж байна гэв. Дэд бүтэцгүй газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүссэн болохыг Э.Бат-Амгалан сайд танилцууллаа.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа аж. Иймээс орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлах бус газар хөгжүүлэлт, дэд бүтэц, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс орон сууцын төслүүдийг бодлогоор дэмжиж зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах юм байна. Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулж, орон сууцын эрэлт, нийлүүлэлтийг уялдуулж цогцоор нь шийдвэрлэх аж. Гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжихээс гадна урт хугацаанд иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэнэ хэмээлээ.
Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслүүдийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан хэлэлцэж буй хуулийн төслийн үзэл баримтлалын талаар бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг хэлээд, ажлын таван өдрийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн.