Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хуваарилсныг танилцуулав.

Ингээд санал хураалт явуулж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн нийт есөн хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Тогтооллын төслийг яаралтайгаар хэлэлцэнэ

Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр орой Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын дархан цаазат газарт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордуудыг тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулж, яаралтайгаар хэлэлцэхийг дэмжих, эсэх санал хураалтыг явуулав. Санал хураалтад 89 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, 77.5 хувийн саналаар тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцэхээр боллоо. Иймд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хороонд шилжүүлэв.