Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа
Ж.Энхбаяр: Энэ онд 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр илтгэв. Импортын хараат байдлыг бууруулж, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэрээний тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах, Засгийн газарт ногдох орлого, татвар, төлбөрийг давхардуулахгүйгээр, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ орд илрүүлэх, нөөц, олборлолт нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Гэвч сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос (Монгол)” ХХК-иудын хөрөнгө оруулалт, олборлолт буурчээ. Үүний гол шалтгаан нь 1991 онд баталсан хуулийн хоцрогдол, татвар, нийгмийн даатгал, аудитын эрх зүйн орчны тогтворгүй байдал, орон нутгийнхны эсэргүүцэл хэмээн хууль санаачлагч тал үзсэн гэлээ.
“Петрочайна Дачин Тамсаг” компанид 2013-2024 онд татварын хяналт шалгалтаар 703.3 тэрбум төгрөгийн акт тавьсан бол “Доншен газрын тос (Монгол)” компанид 23.8 тэрбум төгрөгийн акт тавигджээ. Мөн Үндэсний аудитын газраас албан шаардлага, актууд тавьж, уг төлбөр улам өсөх дүр зурагтай. Орон нутгийн зүгээс эдгээр компаниудад гадаад ажилтны квот хэтрүүлсэн, түүхий тос тээвэрлэж байгаль орчинд хохирол учруулсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Дорнод аймгийн Халх гол, Матад сумдаас нийт 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад асуудал үүсэж, улмаар хэрэглээний зардал, ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүсэхээр байгаа. Гэрээний хугацаанд нийт 12 сая тонн газрын тос олборлож, 11.5 сая тонн газрын тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтаар улсын төсөвт нийт 3 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ онд 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний суурь зарчмын дагуу татвар, бүтээгдэхүүн хуваалтын орлого хоёрыг давхардуулахгүйгээр нэгэнт үүссэн актуудын төлбөрийг шийдвэрлэх шаардлагын улмаас хуулийн төслүүдийг боловсруулсан гэв. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн эрх зүйн орчин тодорхой, тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Улмаар газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжин, татвар, шимтгэл, төлбөрийг нэгдсэн байдлаар зохицуулах, төр-хөрөнгө оруулагч хоорондын маргаан буурна хэмээн хууль санаачлагч танилцууллаа.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Бадамсүрэн, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан нар тодруулж, байр сууриа илэрхийллээ. Тэд үйлдвэр барьснаар улс орны эрх ашигт хэрхэн эерэг нөлөөлөх талаар асуув. Засгийн газрын төлөөлөл тэдний асуултад хариулахдаа, газрын тосны талаарх 35 жилийн өмнөөс эхэлсэн бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж шийдвэрлэхийг хүссэн юм. Хуулийн төслийг дэмжсэн байр суурийг С.Зулпхар гишүүн илэрхийлсэн. Тэрбээр, дэлхий нийтийн эдийн засгийн өрсөлдөөнт нөхцөлд манай улсын хувьд газрын тос чухал зүйл. Тиймээс энэ төсөл онцгой ач холбогдолтой учраас дэмжинэ гэв.