Ж.Золжаргал: Сонсгол ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг зогсооход чиглээгүй
Ж.Золжаргал: Сонсгол ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг зогсооход чиглээгүй
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Сонсголын тайланг parliament.mn цахим хуудсанд бүрэн эхээр нь байршуулсан.
Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д заасны дагуу "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах эсэх асуудлаар санал хуралт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь буюу олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Д.Энхтүвшин гишүүн танилцуулгадаа тодотгов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Алдаржавхлан, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд эхлэх гэж буй “Улаанбаатар трамвай” төслийг зогсоох эсвэл, үргэлжлүүлэх эсэхийг, нийслэлийн төсвийн алдагдлыг хязгаарлах, тэнцвэржүүлэхэд чиглэсэн саналыг тогтоолын төсөлд тусгасан талаар, мега төслүүдийн санхүүжилт, бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай байсныг тодруулсан.
Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хариултдаа энэ сонсгол ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг зогсооход чиглээгүй гээд трамвай, метро, дүүжин тээвэр, тусгай замын автобус гээд тээврийн 7 төслийг хэрхэн зангидах вэ гэсэн бодлогын асуудалд Зам, тээврийн яам хариулт өгч чадаагүй. Учир нь хариулт байхгүй байсан гэлээ. Мөн нийслэлийн тээвэртэй холбоотой төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүйн зэрэгцээ энэ бүхнийг эрэмбэлээгүй байсан тул үүнийг дүгнэлтдээ тусгасан гэв.
Харин уг сонсголын шинжээч Б.Энхбаяр хариултдаа “Нийт 28.9 их наяд төгрөгийн төсөвтэй 16 мега төсөл нь 2026 оны 6 дугаар сарын 12-ны байдлаар 1.4 их наяд буюу 5 хувийн гүйцэтгэлтэй байсан. Үүнд нь техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ боловсруулах, зөвлөх үйлчилгээ авах, боловсон хүчин бэлтгэх, барилга угсралтын зардал хамаарч байна. Нийт төслийн явц 14.3 хувьтай, үүнээс 19.1 их наяд төгрөгийн санхүүжилт нь одоогоор шийдвэрлэгдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд хугацаа сунах эрсдэл үүснэ гэж үзсэн” гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.