Ж.Золжаргал: Сонсгол ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг зогсооход чиглээгүй
"Шүүхийн цалин нэмэгдэхээр шүүгч гишүүдийнх дагаад өснө"
““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хуралд 2026 оны 06 дугаар сарын 02, 11-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат шүүхийнхний цалин нэмэх асуудлыг 10-хан хоногийн дотор шийдэж байгаа нь холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй эсэхийг тодруулав.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч болон шүүгч бус гэсэн гишүүдээс бүрддэг. Шүүхийн цалин нэмэгдэхээр шүүгч гишүүдийнх дагаад өснө. Харин шүүгч бус гишүүдийн хувьд адилхан ажил хийж байгаа атлаа өөр хэмжээний цалин авч байгаа юм. Энэ нь хүний эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан байдлыг үүсгэх тул уг асуудлыг оруулж ирсэн. Төсөв дотроо шийдэх боломжтой юм билээ гэсэн тайлбарыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэллээ. Тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь дэмжсэн.